CS2 мажорын Зүүн Азийн сонгон шалгаруулалтад оролцох 8 баг тодорлоо


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2024-01-16
"The Huns" багийн тоглогч Bart4k

CS2-ын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэж болохуйц "PGL Major Copenhagen 2024" гуравдугаар сарын 17-31-ний хооронд Данийн нийслэлд болно. Тус тэмцээний Зүүн Азийн сонгон шалгаруулалтад оролцох багууд өчигдөр тодорлоо.

Тодруулбал, 1,250,000 ам.долларын шагналын сантай мажор тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг оролцох учиртай. Шилдэг 24-ийн хоёр нь Ази тивийн баг байх юм. Ази тивийг төлөөлөх хоёр багийг тодруулах урьдчилсан шатны тэмцээн буюу "PGL Major Copenhagen 2024: Asia-Pacific RMR" хоёрдугаар сарын 26-28-ны хооронд Хятадын Шанхай хотод болно.

Энэхүү урьдчилсан шатанд Номхон далайн 1, Хятадын 2, Зүүн Азийн 2, Ойрх Дорнодын 2 болон Зүүн Өмнөд Азийн 1 буюу нийт 8 баг өрсөлдөнө. Монгол Улсын хувьд Япон, Хонконг, Солонгос, Оросын Зүүн хязгаарын хамт Зүүн Азийн бүсэд харьяалагдсан.

Тэгвэл Зүүн Азийн бүсээс Asia-Pacific RMR-т оролцох хоёр багийг тодруулах хаалттай сонгон шалгаруулалтад оролцох 8 баг өчигдөр тодорлоо. Хаалттай сонгон шалгаруулалтад дэлхийн чансаагаар тэргүүлэгч Монголын "The MongolZ", "ATOX Esports", "Eruption" багууд шууд уригдсан бол үлдсэн 5 баг нь нээлттэй сонгон шалгаруулалтаас эрхээ авсан юм.

Нээлттэй сонгон шалгаруулалтаас Хонконгийн "MungYu Esports", Монголын "The Huns Esports", Оросын "GR Gaming", "Fort Arena", Монгол тоглогчтой "Team NKT" багууд эрхээ авав.

Нээлттэй сонгон шалгаруулалтад оролцсон Монголын "Clutch Gaming", "Chinggis Warriors", "Tseg Taslal", "The QUBE Esports", "Incognito Esports" багууд харамсалтайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Хаалттай сонгон шалгаруулалтын тэмцээн энэ сарын 19-21-ний хооронд онлайнаар болох ба хоёр баг "Asia-Pacific RMR"-т оролцох эрхээ авна.

#мэдээ