Багийн тоглолт хийж олон улсад өрсөлдөх боломж Монгол залуучуудад бий


О.Батхишиг | YOLO.MN
2023-11-13

Энэ амралтын өдөр Zaisan Hill Complex-н гурван танхимыг 3000 гаруй залуучууд дүүргэж хандлага, сэтгэлгээ, ур чадварын талаар гал гарсан халуун яриан дунд бүтэн өдөржин цэнгэлээ.
Ажил  амьдралын тэнцвэрт байдал, ажлын байрны сэтгэл зүй, дэлхийн шилдэг их сургуулиуд, томоохон тэтгэлэгт тэнцэх нь, дижитал ур чадвараа сайжруулах, хувийн бүтээмжээ үнэлж сайжруулах нь сэдвээр салбар бүрд түүчээлж яваа залуус туршлагаа хуваалцав.

Өөрөөр хэлбэл шинэ үеийн залуучуудад байх бүхий л нөөц, тэдэнд шаардлагатай ур чадвар,   боломжийн талаар нээлттэй ярилцсан нь энэ.  Залуучуудын оролцоог дэмжих зорилготой эл өдөрлөгийг гурав дахь жилээ зохион байгуулж буй. Ингээд Youth conference-н санаачлагч Б.Батзоригтой ярилцав. 

ЦойлогсоZ хамтран үүсгэн байгуулагч Б.Батзориг:

-Бид энэхүү эвентийг оролцогч төвтэй зохион байгуулахыг хичээлээ. Цойлогсод бол  залуусын хамтын ажилгааг дэмжиж, бүтээмжийг нэмэгдүүлэх  зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Бид олон улсад хэрэглээгээрээ биш бүтээмжээрээ өрсөлдөх ёстой. Өдгөө бид орон даяар 250 мянган залуучуудын хамтын ажиллагааг дэмжиж эл чиглэлээрээ үйл ажиллагаагаа явуулсаар байна. Боломжоор дүүрэн энэ зуунд бид хаашаа чиглэх вэ гэдгийг бизнес, улс, залуусын хэмжээнд харахыг хичээн эл өдөрлөгийг зохион байгууллаа. 

Шинэ үеийн залуучууд асуудлуудтай нүүр тулж, тухайн нөхцөлтэй уян хатнаар дасан зохицохоос гадна, уналтуудаас суралцах чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Энэ цаг үеийн хамгийн том боломж бол харилцаа тогтоох, үр дүнтэй суралцах, алдаагаа давтахгүй байх явдал. Олон улсад нэгдмэл байдлаар багийн тоглолт хийж өөрчлөлтийг авчрах боломж Монгол залуучуудад бий гэдгийг илтгэгчид тухайлан сануулж байв.

Youth Conference  эвентийн оролцогч М.Цогтбилэг: Хүлээлт давсан олон улсын түвшний онцгой өдөрлөг болж байна. Илтгэгчид бүгд маш товч бөгөөд тодорхой байдлаар залуучуудад хэлэх гэсэн зүйлээ дамжуулж байна. Хамгийн чухал нь боломж бидэнд үргэлж байсаар байна. Амьдрал гэнэтийн явдлаар дүүрэн гэхдээ ямагт байгаа нөхцөлөөсөө боломжийг эрэлхийлэх ёстой гэдгийг тултал ойлголоо. 

Youth Conference  эвентийн оролцогч Ц.Дэлгэрцэцэг: Гадаадад суралцах боломжийн талаар сонирхож энэхүү өдөрлөгийг зорьж ирсэн.  Өөрийнхөө төдий харж чаддаггүй байсан нөөц боломжуудыг хүмүүсийн туршлага дээр үндэслэж сонсохоор цээжинд багтаж байна. Хүссэн сургуульдаа тэнцэж чадах юм байна гэх тэр итгэлийг олж авлаа. Мөн үндсэн хэсгээс залуучууд бид Монголдоо өөр хоорондоо өрсөлдөхөөс илүүтэй хамтдаа нэгдэж дэлхийн хэмжээнд харж чадвал илүү том боломж бий гэдгийг ойлголоо.

Z үеийнхэн гэж онцгойлон үзэж тэдний сэтгэл зүйн онцлогийг гайхах болсон энэ үед гомдлохгүйгээр боломжит нөөцөд тулгуурлан тасралтгүй  суралцахын чухлыг “Youth conference 2023”-ын луужин чиглүүлэхийг зорьжээ. Цаашид илүү өргөн цар хүрээнд залуучуудын нэгдмэл байдлыг бэхжүүлэхэд анхаарна гэдгийг зохион байгуулагч багийнхан дурдлаа. 

#мэдээ