Гар утсыг орлоно гэгдэж буй дэлгэцгүй, зүүж хэрэглэдэг төхөөрөмж 699 ам.доллароор худалдаанд гарна


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2023-11-12

"Ai Pin" төхөөрөмж нь хязгааргүй дата, дуудлага хийх багц бүхий сарын 24 ам.долларын үйлчилгээний хураамжтайгаар энэ сарын 16-наас худалдаанд гарна.

Өмнө нь "Apple"-ийн дизайн, инженерчлэлийн багт ажиллаж байсан эхнэр, нөхөр хоёрын байгуулсан "Humane" стартап хүлээлт үүсгээд байсан "Ai Pin" хэмээх хиймэл оюунт төхөөрөмжөө танилцууллаа.

Яваандаа жирийн ухаалаг гар утсыг орлоно гэгдэж буй тэрхүү төхөөрөмжийг хувцсан дээр соронзоор тогтоож хэрэглэх бөгөөд дэлгэцгүй тул хэрэглэгч өөрийн дуу хоолой, дохио зангаагаар удирдах аж. Түүнчлэн "Ai Pin" нь зөөврийн компьютерынх шиг мэдрэгчтэй хавтангаас гадна хэрэглэгчийн гар дээр дүрс, бичвэр цацаж харуулах лазер проектороор тоноглогджээ.  

Энэхүү төхөөрөмж нь 699 ам.долларын үнэтэй, дээр нь хязгааргүй дата, дуудлага хийх багц бүхий сарын 24 ам.долларын үйлчилгээний хураамжтайгаар энэ сарын 16-наас худалдаанд гарах юм байна. Одоогоор 230 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгоод буй "Humane" компани үүрэн холбооны үйлчилгээнд "T-Mobile"-тай, хиймэл оюуны технологид "Microsoft" болон "OpenAI"-тай хамтарч ажиллахаа мэдээллээ.

"Бид хэрэглэгчдэд хүргэж буй технологийнхоо үнийг хамгийн боломжийн, хүртээмжтэй гэж үзсэн түвшинд тогтоож байгаа тул өөрсдөдөө нэлээн өндөр шалгуур тавьсан гэж болно. Зардлыг бууруулах талд цаашид үргэлж сайжруулалт хийгдэх болно" хэмээн тус компанийн Гүйцэтгэх захирал Бетани Бонжиорно өгүүлжээ.

Имран Чаудри, Бетани Бонжиорно нар 2018 онд “Humane”-ийг анх байгуулснаасаа хойш технологи, хиймэл оюуны хорхойтнууд тус компанид ихээхэн анхаарал хандуулсаар ирсэн юм. Тус компани үйл ажиллагаагаа төдийлөн нээлттэй бус явуулсаар ирсэн ч өнгөрсөн дөрөвдүгээр сард Имран Чаудри "TED Talk"-д илтгэл тавихдаа бүтээгдэхүүнийхээ анхны туршилтыг хийж, мөн есдүгээр сард Парисын загварын долоо хоногийн үеэр загвар өмсөгчид "Ai Pin"-ийг зүүгээд тайзан дээр алхаж байв.

"Humane"-ийн томоохон хөрөнгө оруулагчдын дунд "Microsoft" компани, "Tiger Global Management", мөн “OpenAI”-ийн хамтран үүсгэн байгуулагч Сэм Олтмэн нар багтаж байна.

#мэдээ