“Hollywood” ба “Halloween”: Аймшгийн кино Холливудын мөнгөний найдвартай эх үүсвэр болжээ


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2023-11-01

“Z” үеийнхний гуравны нэг нь аймшгийн киног өөрийн дуртай дэлгэцийн бүтээл, киноны жанраар нэрлэж байна

2023 онд 75 сая гаруй тасалбар борлуулж, нийт 46 уран бүтээл нээлтээ хийж, зөвхөн АНУ-д 798 сая ам.долларын орлого олсноороо аймшгийн кинонууд Холливудын хамгийн найдвартай мөнгөний эх үүсвэр болсны сацуу энэхүү жанрын ач холбогдол жил ирэх тусам нэмэгдсээр байна. 1995 оноос хойш АНУ ба Канадын дэлгэцийн урлагийн зах зээлд аймшгийн киноны эзлэх хувь даруй хоёр дахин өсжээ. Энэ онд “Halloween”-ийн баярын өмнө дээрх жанрын кинонууд нийт тасалбар борлуулалтын 10.5 хувийг аль хэдийн бүрдүүлээд байгаа нь урт хугацааны дунджаа нугалсан үзүүлэлт болж байна.

Богино хугацаанд ихийг олохоор зорьж буй кино компаниудын хувьд энэ нь маш сайн мэдээ юм. Хөрөнгө оруулалтын өгөөжид суурилж тооцвол 1977 оноос хойш гарсан хамгийн өндөр ашигтай 20 киноны ес нь аймшгийн кино байгааг дата шинжилгээний "Numbers" компани мэдээлж байна.

“Halloween”-ийн долоо хоног нь аймшгийн кинонуудын хувьд нээлтээ хийх хамгийн тохиромжтой цаг үе байдаг. Тэгвэл компаниудын хувьд аймшгийн кино нэн чухал жанр хэвээр байгаад дараах шалтгаанууд нөлөөлж байна.

Ажилладаг томьёо

Үүний шалтгаан энгийн бөгөөд ойлгомжтой. Аймшгийн киног бүтээхэд зардал болон хугацаа бага ордог. Ашиг орлогоороо тэргүүлсэн аймшгийн кинонуудад үнэтэй дүрсний эффект, цалин өндөртэй алдартнууд, зураг авалтын олон байршил шаардагдаагүй, харин үзэгчид олноороо кино театрт очих нь л чухал.

Хөрөнгө оруулалтын өндөр өгөөжийг авч үзвэл "Blumhouse Productions" компани болон "Paranormal Activity" кино энэ үзүүлэлтээр ноёрхож байна. Найруулагч Орен Пелигийн анхны бүтээл болох энэхүү аймшгийн кино ердөө 15 мянган ам.доллароор бүтээгдэж, 2009 онд дэлхий даяар нээлтээ хийснийхээ дараа 194 сая ам.долларын орлого олж байв. Өнөөдөр "Paranormal Activity" нийт долоон киноноос бүрдсэн франчайз болж, “Box Office”-ийн нийт орлого нь 890 сая ам.доллар хүрчээ. Түүнчлэн Стивен Кингийн "It" киног "Warner Bros." 2017 онд гаргаж, дэлхий даяар 700 сая ам.доллар олсноор бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой аймшгийн кино болж байлаа.

Зардал багатай арга барил

1999 онд "The Blair Witch Project" кино дэлгэцнээ гарснаар зах зээлд аймшгийн киноны боломж дахин анхаарлын төвд орж байжээ. Сонирхогчдын хийсэн бичлэгийг сэргээж бүтээсэн мэт зураг авалттай тус уран бүтээл нь аймшгийн кино үзэгчдийг алмайруулахын тулд заавал өндөр үнэтэй компьютер график ашиглах шаардлагагүй гэдгийг харуулсан юм. Нэг сая ам.доллар хүрэхгүй зардлаар бүтээгдсэн тус кино дэлхий даяар 248 сая ам.долларын орлого болж, мөн өөрийн жанраа алдаршуулах эхлэлийг тавьжээ.

"Аймшгийн киноны жанр нэг ёсны сэргэн мандалтын үедээ нэлээн удаан явж байна. Үнэнийг хэлэхэд сүүлийн 10 жилд бүр ч эрчимжсэн. Үүний томоохон хэсгийг “Blumhouse”, мөн аймшгийн кинонд арт хаус хэв маягийг шингээж буй “A24” компани бүрдүүлж байна" хэмээн судалгааны “Box Office Pro” компанийн ахлах шинжээч Шон Роббинс онцолж байна.

“Z” үеийнхэн аймшгийн кинонд дуртай

Энэхүү жанрын амжилтын гол түлхүүрүүдийн нэг нь нийтээрээ үзэхэд тааламжтай байдал. Аймшгийн киног ганцаараа үзсэнээс олон хүн цугларсан өрөөнд, эсвэл танхимд үзэх нь илүү хөгжөөнтэй гэдэгтэй дийлэнх үзэгчид санал нийлнэ. Тэгвэл энэ нь аймшгийн киноны үзэлтийг залуу үзэгчид голлон бүрдүүлж байгааг мөн тайлбарлаж байна.

"Morning Consult"-ийн судалгаанаас харвал “Z” үеийнхний ойролцоогоор гуравны нэг нь аймшгийн киног өөрийн дуртай дэлгэцийн бүтээл, киноны жанраар нэрлэсэн бол нийт насанд хүрэгчдийн 22 хувь нь аймшгийн кинонд дуртайгаа илэрхийлжээ. Өөр нэгэн судалгаанд оролцсон “Z” үеийнхний 66 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд кино театрт хамгийн багадаа аймшгийн нэг кино үзсэн гэсэн бол миллениалуудын хувьд энэ нь 42 хувь, “X” үеийнхэнд 23 хувь, харин бүүмерүүдийн хувьд ердөө зургаан хувь байсан аж.

 

#мэдээ