Дуучин Тэйлор Свифт албан ёсоор тэрбумтнуудын эгнээнд нэгдлээ


А.Номин | YOLO.MN
2023-10-27

  • Түүний орлого 1.1 тэрбум ам.долларт хүржээ
  • Аялан тоглолтоороо АНУ-ын ДНБ-д $4.3 тэрбумын ашиг оруулсан
  • Түүний тоглолтын кино нээлтийн долоо хоногтоо л $93 саяд хүрэв

“Bloomberg”-ээс АНУ-ын дуучин Тэйлор Свифтийн орлого 1.1 тэрбум ам.доллар болсныг зарлажээ. Ингэснээр дуучин бүсгүй албан ёсоор тэрбумтнуудын эгнээнд бичигдэж эхэллээ.

Энэ амжилтад хүрэхэд түүний “Eras” аялан тоглолт чухал үүрэг гүйцэтгэсэн гэхэд болно. Тодруулбал уг тоглолт дангаараа зарим жижиг улс орнуудын эдийн засагтай дүйхүйц хэмжээний орлого олсон юм. Тэрбээр зөвхөн дуу хөгжим, тоглолтоороо энэ амжилтад хүрсэн цөөн уран бүтээлчдийн нэг болж буйгаараа онцлог.

Түүний энэ жилд АНУ-д хийсэн 53 аялан тоглолт улсынхаа ДНБ-д 4.3 тэрбум ам.долларын ашиг оруулсныг мөн “Bloomberg”-ээс онцолжээ. Түүний аялан тоглолт дуусаагүй бөгөөд дахин 89 тоглолт хийх хуваарьтай байна.

“Bloomberg” уг тооцооллыг зөвхөн олон нийтэд ил болсон тоо баримтад тулгуурлан хийсэн. Ингэхдээ дуучин бүсгүйн таван байшингийн үнэ, цомгийн борлуулалт, тоглолтын тасалбар, бараа бүтээгдэхүүнээс олсон орлого зэргийг харгалзан үзсэн гэв.

Мөн Тэйлор Свифт өөрийн аялан тоглолтын киног зах зээлд гаргаж, дөнгөж эхний долоо хоногтоо л борлуулалт нь 93 орчим сая ам.долларт хүрсэн. 

Эх сурвалж: Bloomberg

#мэдээ