ХҮҮХДИЙН АСУУДЛУУДЫГ гэрэл зургаар илэрхийлэх "ЗЭРЭГЦЭЭ ЕРТӨНЦ" үзэсгэлэн болно


Цацаа | YOLO.MN
2017-01-09

Монголд хүүхдэд тулгамдаад буй хурц асуудлуудыг баримтат гэрэл зургаар илэрхийлж, тоо судалгаа, шийдэл гарцын хамт дэлгэх "Зэрэгцээ ертөнц" үзэсгэлэн энэ сарын 11-17-ны өдрүүдэд 11:00-19:00 UB Art Gallery-д болох гэж байна.

Тус үзэсгэлэнг Лантуун дохио ТББ, UB Art Gallery, Тусгал гэрэл зургийн бүлгэм хамтран  зохион байгуулж байгаа бөгөөд тэд үзэсгэлэнгийнхээ талаар:

"Нэг шуудай нүүрс. Тэр зарим хүмүүсийн хувьд ад гай, утаа тортогийн үүр болж байхад харин зарим айлынх нь хөлдөж үхэхгүй өвлийн шөнийг давах амь тариа болж буй. Баян ядуугийн зааг ялгаа улам томорч, нийгмийн ороо бусгаа үзэгдэл ихсэх үед хамгийн өрөвдөлтэй, гэм буруугүй хохирогч нь хүүхэд болж хоцордог.

Үүний төлөө төрүүлж өсгөсөн эцэг эх, төр засаг аль аль нь огт хариуцлага хүлээхгүй байна гээд хэлчихэд хилсдэхгүй болов уу. Харин хүүхэд бол Монголын ирээдүй, өнөөдөр “Орхигдсон” хүүхдүүд ирээдүйн Монгол улсыг авч явах бүтэн үе болно гэдэгтэй бүх хүн санал нийлэх байх.

Мянган удаа хэлээд ойлгохгүй зүйлийг нэг зураг өгүүлэх нь бий, мянган удаа сонсоод ойлгоогүй зүйлээ өөрийн амьдралаар туулж байж ухаарах нь бас бий. Зөвхөн цахим ертөнцийн араас тэмцэх, уурлаж бухимдах бус бодит оролцоо, үр дүнтэй үйлдлүүдийг санал болгож байна. Тус үзэсгэлэн нь үзүүлэн таниулах бус үйлдэл үр дүн авчрах зорилготой юм!" гэжээ.

Үзэсгэлэн үнэ төлбөргүй болно. UB Art Gallery /МУИС-ийн 4-р байрны зэрэгцээ орших Talk Talk English сургалтын төвийн 1-р давхарт/

#photography #teenagers