5fe40ebd63080.png 5fe40ebd63155.png

ААВ ЭЭЖ минь намайг ОНЦ СУРДАГ л гэж боддог


ССҮТөв | YOLO.MN
2017-01-09

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: УГ НЬ БИ ИХ ХИЧЭЭДЭГ. ДААНЧ...

Сайн байна уу. Би энэ жил 9-р анги харин дараа жил 10-р ангид орно. Даанч нэг асуудал байна. Би 9-р ангиа төгсөж чадах болов уу гэсэн бодол айлгах боллоо. Би бүх хичээл дээрээ тийм ч сайн биш улирал бүр заавал 1-2 "D" дүнтэй төгсдөг. Уг нь би их хичээж байгаа ч сүүлийн 3 жил иймэрхүү байна. Аав ээж маань намайг онц сурдаг л гэж боддог. Хэрвээ би 9-р анги төгсөж чадахгүй бол яах вэ? гэсэн бодол намайг айлгасаар байна.

ЗӨВЛӨГӨӨ: ИЛҮҮ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ БАЙГАА ХИЧЭЭЛҮҮДДЭЭ ТӨВЛӨРӨН СУРАЛЦАЖ АМЖИЛТ ГАРГАХ БОЛОМЖТОЙ

Сайн байна уу, захиа илгээсэнд баярлалаа. Өсвөр насны хүүхдүүдийн хөгжилтэй, завгүй амьдралын дунд өөрийн сурлагадаа анхаарч бас аав ээжийнхээ санааг зовоохгүй гэж хичээж байгаа тань маш сайн байна. Хамгийн эхэнд чамайг зорилгоо биелүүлэхэд буюу дүнгээ сайжруулахад саад болж байгаа зүйлсийг олон тэдэнд зарцуулж байгаа цагаа багасгах нь хамгийн чухал.

Дараагаар нь 9-р ангиа төгсөж чадна гэдэгтээ бүрэн итгэн өөрийгөө дайчлан суралцаарай. Биднийг хүчтэй болгодог зүйл бол бидний өөртөө итгэх итгэл юм. Хүн өөртөө тавьсан жижиг ч болтугай зорилгуудыг биелүүлснээр өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Тиймээс чи өдөр тутмын жижиг зорилгоос эхлэн (жишээ нь өнөөдрийн гэрийн даалгавраа хийж дуусгах гэх мэт) түүнийгээ биелүүлснээр урамшин улам өөртөө итгэдэг болно.

Мөн өөр нэг боломж бол төгсөж чадахгүй бол яанаа гэсэн нууцхан айдас чамайг айлгаж байгаа нь нэг талаас төвөгтэй ч  нөгөө талаас харвал чамайг идэвхжүүлэх хүч болж болно. Тиймээс чамд аль хэдийн байгаа энэхүү хүчээ ашиглан илүү анхаарах хэрэгтэй байгаа хичээлүүддээ төвлөрөн шамдан суралцаж амжилт гаргах боломжтой. Хамгийн чухал нь айгаад л суугаад байвал айдасдаа улам баригдана шүү дээ.

Чамд амжилт хүсье!

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн туслах сэтгэл судлаач Б.Алтанцэцэг  

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Parents #Хайр #LOVE #Teenagers