“СЭТГЭЛД ДУЛААХАН хүн гэж байдаг даа, T.O.P бол яг л тийм хүн”


Юука | YOLO.MN
2017-01-06

Хэрэв чи өөрт тохиосон боломжийг хаявал энэ нь бүтэлгүйтэл болно, харин тэрхүү боломжоос нэг л удаа зуураад авбал энэ нь аз болж хувирнa

                                            T.O.P

 

Рэппэр, дуучин, модель, бийтбоксер, продьюсер, хөгжмийн зохиолч, жүжигчин, хөтлөгч  гээд Кпоп ертөнцөд нэрд гарсан нэгэн эрхэм бол Чүэ Сынхён буюу T.O.P юм. Тэрээр 2006 оноос эхлэн 11 жилийн турш урлагт зүтгэж яваа нэгэн билээ.

“ХӨВСГӨР” БЯЦХАН ЖААЛХҮҮ

BIGBANG  хамтлагийн рэппэр T.O.P нь 1987 оны 11-р сарын 4-нд Сөүл хотноо мэндэлжээ. Тэрээр анх тавдугаар ангидаа B.I.G-ийн дууг сонсож, рэппэр болохыг мөрөөдөж эхэлсэн гэдэг. Энэ үеэс энгийн хэв маягаас татгалзаж, барууны хип хоп стиллээр хувцаслаж, чөлөөт цаг гарах бүрт хип хоп дуу сонсож эсвэл кино үздэг байв.  Хамтлагийн гишүүн Жиди (GD)-тэй хөршүүд байсан бөгөөд Жиди YG-д дадлагажигчаар орсноор тэдний холбоо тасарчээ. T.O.P дунд сургуульд байхаасаа таргалж эхэлсэн бөгөөд хүүхдүүд түүнийг “бяцхан унтаахай” гэж дууддаг байв. Учир нь тэр худалч хүнд алхаж байхдаа ч унтчихдаг жаалхүү байжээ.

BIGBANG ба T.O.P

Тэр  Кпоп дуучин болохоосоо өмнө Тэмпо (Tempo) нэрээр үглэдэг байсан ба хэтэрхий тарган байсан тул олны өмнө царайгаа ил гаргах хүсэлгүй байжээ. (Яг л бүдүүн мисс шиг...) Түүнд анх Ян Хёнсог захирлаас YG-ийн шалгаруулалтанд оролцох санал ирсэн байна. Гэвч “хэтэрхий тарган” гэсэн тодотголоор шалгаруулалтаас хасагджээ. Харин T.O.P зургаан сарын дараа дахин шалгаруулалтанд орсон бөгөөд 40 хоногт 20 кг жин хаяжээ. Үүний тухайд тэрээр “Тухайн  үед би энтэртайментийн уран бүтээлч болохыг маш их хүссэн учраас турахыг уйгагүй хичээсэн” гэжээ.

Ингээд эхний шатандаа тэнцсэн ч хоёрдугаар шат нь бүжгийг шалгаруулалт гэдгийг мэдээд тэр бүхнийг орхихоор шийджээ. Гэвч “уран бүтээлч” болох хүсэл нь түүнд дахин урам зориг өгч хоёрдугаар шатанд оролцож хамтлагийн гишүүн болох эрхээ авчээ. Харамсалтай нь түүний хувьд бүх зүйл дардан байсангүй. Кпоп хамтлагуудын хувьд, тэдний дууг бүжиггүйгээр төсөөлшгүй тул BIGBANG хамтлагийн залуус өдөр бүр бүжгийн бэлтгэл хийдэг байв. “Бүжгийг үзэн яддаг” түүний хувьд энэ хамгийн хэцүү нь. Бусад гишүүдийг унтаж байх хооронд , бүжгийн заал руугаа явж ганцаараа бүжгээ давтаж шөнийг өнгөрүүлдэг байсан тухайгаа хожим дурсахдаа “Би заримдаа бүхнийг орхимоор санагддаг байсан. Гэвч тэр үед бүхнийг орхисон бол одоогийн энэ амьдралаа мөрөөдөөд ч олохгүй байх байлаа.” гэжээ.

ТҮҮНИЙ СОЛО УРАН БҮТЭЭЛИЙН ОРГИЛ ҮЕ БА КИНО УРЛАГТ ХҮЧ СОРЬСОН НЬ

BIGBANG хамтлаг Кпоп ертөнцөд хөл тавьсан даруйдаа л маш алдартай болов. Хамтлагийн карьерын оргил үе нь 2007 оноос эхэлсэн бөгөөд T.O.P-ийн соло уран бүтээл ч бас энэ үед төрсөн юм. Тэрээр уг онд өөрийн анхны соло дуу болох  ‘Big Boy’-оо гаргаж удалгүй Red Roc хамтлагийн “Сайн уу?” (Hello) хэмээх дуунд хамтрах санал ирсэн бөгөөд хамтлагаасаа өөр уран бүтээлчтэй хамтарсан анхны гишүүн болсон аж.

Үүний дараа KBS2 телевизийн “Би бол Сэм” (I am Sam) олон ангит кинонд Ча Мүшин гэх танхай сурагчийн дүрд тоглож багагүй авъяаслаг жүжигчин гэдгээ харуулаад авчээ. Түүний соло карьерын оргил  үеийг 2007-2011 он гэж үздэг бөгөөд энэ хугацаанд Гамми (Gummy),  Им Жонва (Uhm Junghwa), Зиа (Zia), Лекси (Lexy) гэх мэт алдартай уран бүтээлчдийн цомог дээр хамтран ажилласан байна.

2010 онд “Галан дундах 71” (71 into the fire) киноны гол дүрд тоглож тухайн онд болсон кино урлагийн наадмуудад 10 төрөлд нэр дэвшиж долоод нь ялалт байгуулжээ. Анхны уран сайхны киногоороо долоон шагнал авч өөрийгөө “чансаатай” жүжигчдийн нэг гэдгээ нотлоод авсан тэрээр удалгүй дахин соло уран бүтээлээ гаргасан юм. Түүний шинэ уран бүтээл болох ‘Turn it up’ нь дэлхийн iTunes-д орсон бөгөөд, iTunes-д орж чадсан анхны өмнөд Солонгосын уран бүтээлч болсон. 2010 оны 11-р сард хамтлагийн гишүүн Жидитэй хамтарч ‘GD&T.O.P’ хэмээх цомгоо гаргаж, тухайн оны хамгийн их борлуулалттай цомгийн жагсаалтанд оржээ.

2013 онд “Амлалт” (Commitment) киноны гол дүрд тоглож “Бусаны олон улсын кино наадам”-аас хоёр ч шагнал авсан байна. “Амлалт” УСК-нд тоглож байх хугацаандаа гараа гэмтээсэн бөгөөд яаралтай хагалгаанд орж кино зураг авалт зогссон байдаг. Түүний гар эдгэрэхэд нэг сарын хугацаа хэрэгтэй гэсэн боловч 14 хоногийн дараа гэхэд эргэн зураг авалтандаа оржээ. Тэрээр энэ тухай KBS телевизийн нэвтрүүлэгт оролцох  үеэрээ “Надаас болж зураг авалт зогссон болохоор бусад жүжигчдээсээ санаа зовж хурдхан зураг авалтандаа орох тухай л боддог байсан” хэмээжээ.  

Түүний фэнүүд энэ явдлын дараа арын албаны ажилчид болон жүжигчдэд халуун кофе, хоол зэргийг явуулдаг байсан бөгөөд зураг авалт дууссаны дараа T.O.P зөвхөн туслах ажилчдад зориулж үдэшлэг зохион байгуулж тэдэнд талархсанаа илэрхийлээд бэлэг өгч байжээ.

‘Rolling Stone’ 2013 онд “Дэлхийн хамгийн дур булаам уран бүтээлчид”-ийг нэрлэсэн бөгөөд Бритни Спирс болон T.O.P нар шалгарч байжээ. Уг оны 11-р сард тэр ‘Doom Dada’ хэмээх соло уран бүтээлээ гаргасан бөгөөд Dazed сэтгүүлээс 2013 оны шилдэг кпоп дуугаар нэрлэжээ. Үүний дараа тэрээр Их Британий уран бүтээлч Пикс Лотт-ийн цомогт хамтарсан байна.

WESTFALEN: Европын кино урлагт амжилтанд хүрч чадах авьяаслаг жүжигчин

2014 онд тэрээр “Tazza2: Нууц хөзөр” (The hidden card) киноны гол дүрд тоглож, уг киногоороо багагүй амжилт үзүүлсэн ба 2015 онд BIGBANG хамтлагийн залуус ‘MADE’ цомгоо гаргасан юм.

2016 оны нэгдүгээр сард болсон Парисын загварын 7 хоногт оролцсон бөгөөд загвар зохион бүтээгч Карл Лагерфильдийн хамтаар хамгийн урд талын эгнээнд суусан цорын ганц Ази хүн байжээ.

Төд удалгүй Герман, Хятадын хамтарсан “Out of conrtol” киноны гол дүрд тоглохоор болж, Германд 3 сарын турш зураг авалтанд оржээ. Анх удаа олон улсын хэмжээний төсөлд оролцож байгаа түүний хувьд маш хариуцлагатай мөч байсан тул тэдгээр өдрүүдэд  хамтлагийн бүхий л үйл ажиллагаанд оролцоогүй аж.

Ингээд есдүгээр сард түүний тоглосон “Out of control” киноны хэвлэлийн бага хурал зохион байгуулагдаж, 300 гаруй гадаад дотоодын сэтгүүлч хүрэлцэн ирсэн нь Ази төдийгүй Европын цахим сүлжээгээр хэсэгтээ л шуугиан тарьжээ.

Германы WESTFALEN сайтаас  "Чүэ Сынхёнгүйгээр "Шанхайн Олон Улсын Кино Наадам”-ыг  төсөөлөхийн аргагүй байлаа. Түүнийг дэмжих гэж мянга мянган фэнүүд нь хүрэлцэн ирсэн байв. Тэр бол Европын кино урлагт амжилтанд хүрч чадах авъяаслаг жүжигчин яахын аргагүй мөн” хэмээжээ.

Тэрээр 2016 онд Дэлхийн дуудлага худалдааны байгууллага болох “Sotheby’s”-тэй хамтарч ХонгКонг-д өөрийн цуглуулгаараа дуудлага худалдаа зохион байгуулсан бөгөөд үүнээс олсон орлогоо Азийн залуу уран бүтээлчдийг ажлын байраар хангах төсөлд хандивлажээ. Түүний  зохион байгуулсан энэ үйл ажиллагаан дээр зарагдсан бүтээлүүд нь  дэлхийн дуудлага худалдааны түүхэн дэх 4 рекордыг эвдсэн байна. Энэхүү дуудлага худалдааг зохион байгуулах бэлтгэлд нэг жилийн хугацаа зарцуулсан бөгөөд үүнээс олсон орлогоо хандивласан анхны Азийн залуу уран бүтээлч гэдэг тодотголыг авчээ.

YG энтэртаймент: “Энэ үйл явдал нь хандивын төсөлтэй ойролцоо, харин “цуглуулагчид” өөрсдийн цуглуулгаа олон нийтэд харуулж, худалдаалах явдлаас шал өөр. Үүнд мэдээж T.O.P ямар ч үнэ төлбөргүй оролцоно”

T.O.P: “Энэ бүхний дараа Азийн олон залуу уран бүтээлчид ажлын байртай болно гэдэгт итгэж байна. Би энэхүү хүндтэй, хариуцлагатай ажлыг зохион байгуулж байгаадаа бага зэрэг сандарч, эмээж байгаа ч сэтгэл хангалуун байна” гэжээ.

Түүний фэнүүд ч уг онд олон ажлыг зохион байгуулжээ. 11-р сарын сарын 4-нд  T.O.P-ийн 29 насны төрсөн өдөр тохиосон бөгөөд түүний Хятад дахь фэнүүд хамтран асрамжийн газарт 15,000 юань хандивлаж, аутизмтай хүүхдүүдтэй хамтран үзэсгэлэн зохион байгуулсан байна. Мөн Өмнөд Солонгос дахь түүний фэнүүд Солонгосын НҮБ-д 2,000,000 вон хандивлажээ.

T.O.P-ИЙН ГЭР БҮЛ, ХАЙР ДУРЛАЛ

Чүэ Сынхёний өвөө нь Өмнөд Солонгосын абстракт зургийн гол төлөөлөгч Ким Ванки (Kim Whanki) бөгөөд ээжийнх нь талын бүх эмэгтэйчүүд урлагийн хүмүүс байдаг. Харин аав нь цэргийн хүн. Тэрээр гэр бүлийнхээ тухай мэдээлэл болон зургийг олон нийтийн сүлжээнд нийтлүүлэх дургүй аж. Хэрэв түүнтэй холбоотойгоор гэр бүлийнх нь тухай мэдээлэл гарвал гэрийнхнээсээ уучлалт гуйдаг гэнэ.

Дээрээ нэг эгчтэй ба түүнийг Чүэ Хэюн (Choi hyeyun) гэдэг. Түүний эгч олон нийтийн сүлжээнд нэлээд алдартай бөгөөд хүнтэй гэрлэхээсээ өмнө модель байжээ. Мөн түүний эгчийнх нь хүүхэд буюу үеэл дүү нь аль хэдийнээ олны танил болсон бяцхан Ёнжүн юм.


 
Тэрээр 2011 онд  буюу 24 настайдаа 2,5 тэрбум воны үнэтэй хаус худалдаж авсан бөгөөд 2 ариун цэврийн өрөө, 4 унтлагын өрөө, усан сантай тансаг зэрэглэлийн вилла байв. Кпоп ертөнцөд хөл тавиад удаагүй түүний хувьд ийм тансаг зэрэглэлийн байр худалдаж авсан нь олны сонирхолыг ихэд татаж байжээ. Ихэнх хүмүүс баян гэр бүлээс гаралтай учир, эцэг эх нь авч өгсөн хэмээн боддог байсан ч хожим тэрээр “Өөрийнхөө хүч, хөдөлмөрийн үр дүнд худалдаж авсан” хэмээн Япон дахь фэн уулзалтан дээрээ ярьжээ.

T.O.P маш олон нэвтрүүлэгт оролцохдоо өөрийгөө гурван удаа үерхэж байсан хэмээн хэлж байсан. Жишээлбэл ‘Radio Star’-ийн үеэр “Би анх 19 настайдаа хүнтэй үерхэж үүнээс хойш нийтдээ гурван удаа л үерхсэн. Одоогоор ганц бие” гэж хэлсэн юм.

Үргэлж “царайлаг залуу” хэмээх тодотголтой явдаг түүнийг ямар эмэгтэйтэй болзох бол? Гэдгийг сонирхсон хүмүүс ганц хоёроор тогтохгүй. Гэвч тэрээр урлагт хөл тавьсан цагаасаа хойш ямар ч эмэгтэйтэй албан ёсоор болзож байгаагүй юм. Харин бидний сайн мэдэх “Есөн сүүлт үнэг” киноны гол дүрийн жүжигчин Шин Минатай нэр холбогдож байжээ. Тэрээр 2008 онд Шин Мина-гийн гэрээс гарч яваад паппарицийн дуранд өртсөн бөгөөд энэ тухай түүний агентлаг “Шин Мина бол түүний эгчийн сайн найз. Тэдний хооронд ямар ч хайр сэтгэлийн холбоо байхгүй” гэж мэдэгдсэн юм.

Тэдний тухай маш олон цуурхал байдаг ч аль алийг нь энтэртайментаас нь үгүйсгэж байжээ. 2008 он бол BIGBANG төдийгүй T.O.P-ийн нэр алдар мандаж явсан үе тул агентлаг нь, нэр хүндэд нь сэв суулгахгүйн тулд тэднийг салгасан гэсэн цуурхал байдаг байна. T.O.P ‘Act Like Nothing’s Wrong’ хэмээх дуугаа салсан найз охиндоо зориулж бичсэн бөгөөд хүмүүс Шин Минад зориулсан гэж боддог.

Гэвч  2015 онд Шин Мина жүжигчин Ким Үбинтэй үерхдэг гэдгээ зарласан бөгөөд яг тэр өдөр T.O.P инстаграмдаа гахайн хоншоорын зураг хийснийг ихэнх хүмүүс Шин Минатай холбож тайлбарладаг. Хожим тэрхүү зурагнууд нь түүний зураг авалтын нэг хэсэг байсан нь тодорхой болсон юм.

Харин 2016 онд тэрээр Хятад Солонгосын эрлийз модель болох Asia Chow-тай нэр холбогдсон юм. Тэдний харилцаа одоог хүртэл тодорхойгүй бөгөөд аль аль нь үнэн эсвэл худал гэдэгт хариулт өгдөггүй аж.
 
Модель Asia Chow T.O.P-ийн хийсэн зурган дээр “зүрхэн эможи” үлдээснээс энэ бүхэн эхэлсэн бөгөөд тэд үргэлж бие биенийхээ зурган дээр лаяк дарж коммент бичдэг төдийгүй T.O.P , Asia Chow-гийн ээжийг инстаграмд дагажээ. Үүнээс үүдэн Хонг Конгийн хэвлэлүүд тэднийг үерхэж байгаа гэсэн мэдээлэл цацаж хэсэгтээ л шуугиан тарьсан юм.

ТЭР ИРЭХ САРД ЦЭРЭГТ ЯВНА

Түүний талаарх сонирхолтой баримтууд:

1. “BIG SHOW” буюу BIGBANG-ийн бие даасан тоглолтын үеэр нэгэн фэн түрийвчээ алдсан бөгөөд түүнд нэгэн нууцлаг эрхэм унааны мөнгө өгч гэр лүү нь явуулжээ. Тэр хүн бол T.O.P байсан.
2. GD анх T.O.P-оос айдаг байсан.
3. Их Британий Vogue сэтгүүлээс “2016 оны хамгийн халуухан 50 залуу”-г шалгаруулсан бөгөөд энэхүү жагсаалтанд орсон цорын ганц Ази хүн нь T.O.P юм.
4. 2015 онд хийгдсэн “Нууц зурвас” вэбдрама нь Япон, Өмнөд Солонгосын хамтран хийж буй анхны олон ангит киноны төсөл байсан бөгөөд Солонгосын талыг төлөөлж T.O.P гол дүрийг нь бүтээсэн.
5. Тэрээр 2013 онд ‘From T.O.P’ нэртэй өөрийн зурагт номыг гаргаж, үзэсгэлэн зохион байгуулсан бөгөөд энэ үеэрээ 1Thek-д ярилцлага өгчээ. Түүнээс “Дараагийн удаа дахин Нью Йорк-д зураг авалтаа хийх үү?” гэж асуухад “Үгүй ээ, Монголд хиймээр байна” гэж хариулсан байдаг.

6. BIGBANG хамтлаг үүсгэн байгуулагдахдаа бүгд хамтдаа амьдардаг байжээ. Харин T.O.P л тусдаа амьдардаг байсан.
7. Тэрээр Чарли гэдэг спанел үүлдэрийн нохойтой байсан бөгөөд 15 жил хамт амьдарсан байна. хожим “Bae Bae” дуун дээр гардаг таягийг  нохойныхоо дурсгалд зориулан хийлгэсэн аж.
8. Инстаграмаас 2015 онд 400 сая хэрэглэгчтэй болсноо зарласан бөгөөд сүүлд нээгдсэн 100 сая аккунтад судалгаа хийхэд таван хүний хаяг руу хамгийн их хандсан байжээ. Үүнд Дэвид Бэкхэм, Катлин Жэннер, T.O.P нар багтсан аж. T.O.P-ийн инстаграм: @Choi_seunghyun_tttop
9. 2016 оны 10 сард ‘Out of control’ кинон дээр түүний өмссөн хувцаснуудыг дуудлага худалдаанд оруулж олсон орлогыг нь сайн үйлсийн аянд хандивласан байна.10. Тэр 2017 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр буюу сарын дараа цэрэгт явна.

ТҮҮНИЙ ТАЛААР ХЭЛСЭН БУСДЫН ЭШЛЭЛҮҮД

T.O.P: Хамарнаасаа цаашхийг харж чаддаггүй жаахан байхаасаа л өдөр бүр халуун чийглэг, жижигхэн дадлагын өрөөнд хөлөрч , инээж, бас уйлж  байлаа. Заримдаа би амиа бодсон жаахан хүү болон хувирч, бүгдээс залхаж болихыг хүсдэг  байсан ч энэ бүх зүйлийн дараа тэртээх сайхан өдрүүдэд надад итгэж, намайг дэмжиж байсан фэнүүддээ талархаж явдаг шүү.  (эх сурвалж: BIGBANG хамтлагийн 10 жилийн ой)

GDRAGON: Би T.O.P ахаар үнэхээр их бахархдаг. Түүнийг юу туулж өнөөдрийг хүрснийг нь хүмүүс мэдэхгүй.  (Эх сурвалж: BigBang 10 жилийн ойд зориулсан захидал)

Juri Ueno: Түүнтэй анх уулзахад их хөгжилтэй хүн шиг санагдсан. Үргэлж  бидэнд найрсагаар зөвлөж, бас урам зориг хайрладаг. Цаанаасаа сэтгэлд дулаахан хүн гэж байдаг даа, ТОП бол яг л тийм хүн. (эх сурвалж: modelpress.com)

Мисс Оюунгэрэл:  BIGBANG хамтлагаас надад T.O.P илүү их таалагдсан. Жаахан сахилгагүй, хүмүүстэй яриа өрнүүлдэг. Моделиуд бэлтгэлээ хийж байхад орж ирээд “Та нар яаж байна даа?” гээд л санаа тавьдаг. Ингэвэл ямар вэ? гэж зөвлөж, их  л ойр дотно байсан. Эхэндээ тэр намайг Монгол модель гэж мэдээгүй, хожим мэдсэнийхээ дараа надаас маш олон зүйл асуусан. (эх сурвалж: Соронз сэтгүүл)

Park Shinhye: T.O.P-той хамтарч ажиллах үнэхээр сайхан байдаг. Тэр маш чадварлаг жүжигчин. Магадгүй яагаад “T.O.P” гэдэг нэртэй болсон нь ойлгомжтой байх. (Эх сурвалж: Entertainment Weekly)

Загвар зохион бүтээгч Soh CD: ‘Fubu’ брэндийн нүүр царайгаар зөвхөн T.O.P-ийг л сонгомоор байсан. Ойлгомжтой шүү дээ тэр маш алдартай хүн. (Эх сурвалж: High cut)

Lee Honey: Өнөөдөр ийм олон хүн хүрэлцэн ирсэн нь ойлгомжтой шүү дээ. Энд T.O.P сууж байна (Эх сурвалж: “Луйварчин2: Нууц хөзөр” киноны хэвлэлийн бага хурал)

One Direction: Бидний Африкт эмнэлэг байгуулах үйл ажиллагаанд маш олон хүмүүс тусалж байна. Азиас хамгийн түрүүнд BIGBANG хамтлагийн T.O.P хандив өргөсөн.

 

Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай wink

             

               

              

                        

                

 

#BigBang #Celebrity #Rapper #Kpop