Үерхэлд тань үнэ цэн бэлэглэх нөлөө бүхий 8 арга


YOLO.mn | YOLO.MN
2023-10-01

Хосын харилцааны эхэн шат мэдээж амттай бас халуухан. Гэвч хүн хоорондын харилцааг усалж тордохгүй л бол хатаж гундах нь түгээмэл. Тиймээс хайртай хүнтэйгээ бат бэх, үнэ цэнтэй үерхлийг бүтээхэд тань туслах нөлөө бүхий 8 зөвлөгөөг хүргүүлж байна.  

Чухал мөчид буулт хийх 

Өөр өөр орчинд өссөн ондоо үзэл бодол, хүсэл мөрөөдөлтэй хүмүүс замын дунд маргалдах нь зүйн хэрэг. Энэ үед хэт бардам байж гөжүүдлэх нь харилцааг хөндийрүүлж мэдэх. Тиймээс хэн хэн нь харилцан буулт хийж, нэгнээ сонсох нь үерхлийг тань илүү эрүүл болгоно.   

Мөрөөдлөө хуваалцах 

Хамтдаа ирээдүйнхээ тухай, өөрсдийн зорилго төлөвлөгөө, хийхийг хүсэж буй зүйлсийнхээ талаар утга учиртай яриа өрнүүлээрэй. Энэ нь хосын харилцааг илүү тайван, жаргалтай болгодог. 

Дотно мэдрэмж бэлэглэх 

Бие махбодын дотно байдлаас илүү сэтгэл хөдлөл, оюун санааны хувьд нэгэндээ эрхэм нандин хандаарай. Зөвхөн хоёулхнаа л хийдэг хоббитой болохыг зөвлөе. 

Хамтдаа адал явдлыг эрэлхийлэх 

Хамтдаа аялалд гарах зэргээр адал явдалтай зүйлийг эхлүүлэх нь харилцаанд тань итгэл үнэмшил, урам зориг нэмнэ.  

Гэнэтийн бэлэг барих 

Хосын харилцаа удах үед нэгнийхээ сайн, муу зуршлыг таньж залхах шинж илэрдэг. Тийм учраас харилцаагаа халуухнаар нь хадгалахын тулд үе үе санаанд оромгүй гэнэтийн бэлэг өгч халамжлаарай. Үнэтэй чамин зүйлээс илүү өдийхөн зүйлд ч хэмжээшгүй үнэ цэн оршиж байдаг юм шүү. Тухайлбал чин сэтгэлийн бяцхан захидал, гэр цэвэрлэх, хоёулхнаа оройн зоог барих гэх мэт. 

Ижил үнэт зүйл бүтээх 

Хамгийн хачирхалтай нь бид өөртэйгөө ижил гэхээс илүү эсрэг зан чанартай хүмүүст татагддаг. Гэхдээ сэтгэл зүрхээ нэгэнт өгсөн бол нэг тийш чиглэсэн ижил үнэт зүйл та хоёрын дунд байна гэсэн үг. Хосын харилцаандаа итгэл төгс байдаг ижил үнэт зүйлтэй хүмүүс бусдаас илүү эвтэй байдаг.  

Итгэлээ бататгах 

Итгэл гэдэг бол олон удаагийн үйлдлээр батаждаг нэг цул ойлголт. Амласнаа биелүүлж, нээлттэй харилцах нь хайртай хүний тань танд итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно. Мөн хувийн орлогоосоо хосын данс үүсгээрэй. Санхүүгийн хувьд нээлттэй байх нь итгэлийг улам бэхжүүлдэг байна.  

Одоодоо жаргалтай байх 

Эцэст нь харилцаа удаан үргэлжлэх гол цөм нь одоо байгаа мөчөө жаргалтай өнгөрүүлэхэд оршино. Гар утсаа хэт их оролдож, зөвхөн стори, пост хийхийг чухалчилдаг үерхэл тийм ч удаан үргэлжлэхгүй нь лав. Анхаарал сарниулах зүйлсийг хаяж, бие биедээ цаг хугацаагаа харамгүй зарцуул.  

Бяцхан тип 

  • Олон төрлийн, олон үндэстний хоолыг туршиж үзэх, эсвэл шинэхэн нээгдсэн ресторанд зоог барирай
  • Нэг өдөр өөрсдийн хийдэг тогтсон ажлаа сольж хийж үзээрэй.  Ингэснээр хамтрагчийнхаа хийдэг зүйлсийг илүүтэй ойлгож үнэлэх болно.  
  • Тэмдэглэлийн дэвтэр, номынх нь завсар, хүрэмний халаасанд өдрийг аз жаргалтай эхлүүлэх дулаахан үгс бичиж үлдээх.  
  • Өртөөт болзоо товлох- Болзоот өдрийн хувцаслалт, хоол идэх ресторан, кино үзэх цаг зэргийг урьтаж нарийн бэлдэн ач холбогдол өгөөрэй. 
  • Санах ойн сав буюу дурсамжит бүхнээ тэмдэглэн үлдээх нандин хайрцагтай болсноор хүнд хэцүү үеүдэд хосын харилцаагаа цэнэглэж болно.   

#нийтлэл