"Хогвартс"-ын захирал Альбус Дамблдор таалал төгслөө


Д.Төгөлдөр | YOLO.MN
2023-09-29

Британи болон Ирландын алдарт жүжигчин Майкл Гамбон 82 насандаа таалал төгслөө. Тэрбээр Харри Поттерын тухай найман цувралын зургаад нь ид шидтэний "Хогвартс" сургуулийн захирал Альбус Дамблдорын дүрд тоглосноороо алдартай.

Жүжигчний гэр бүлээс гаргасан мэдэгдэлд “Майкл Гамбон таалал төгссөн мэдээг дуулгахад гүнээ харамсаж байна. Хайрт нөхөр, аав Майкл уушгины хатгалгааны дараа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ. Майкл 82 настай байсан юм" гэжээ.  

Гамбон 1940 оны аравдугаар сарын 19-нд Дублин хотод төрсөн. Түүний аав нь Дэлхийн 2-р дайны үед Лондонд цагдаагийн нөөцөнд алба хашиж байсан бөгөөд дайны дараа Гамбоны гэр бүл Англи руу бүр мөсөн нүүсэн байна.

Тэрбээр католик коллежид суралцаж байсан боловч төд удалгүй сургуулиа орхиж, багаж хэрэгслийн үйлдвэрт ажилд орж, тэндээ долоон жил ажилласан. Тухайн хугацаандаа ажлынхаа хажуугаар ажилчдын "Эв нэгдэл" театрын багтай нийлж янз бүрийн урлагийн тоглолтод оролцдог байсан нь түүний урлагийн замналын эхлэл байсан гэдэг.

  • 1962 оноос хойш Дублины Гэйт драмын театрт жүжигчин
  • 1963-1967 онд Лондон дахь Хатан хааны үндэсний театрт жүжигчин 
  • 1967 оноос хойш Бирмингемийн репертуар театрт хэдэн жил жүжигчин, дараа нь Их Британийн янз бүрийн театрт ажилласан.

Майкл Гамбон театрын ажлынхаа хажуугаар дэлгэцийн уран бүтээлд хүч сорьж эхлэв. Түүний хамгийн анхны тоглосон бүтээл нь Стюарт Буржийн "Отелло" (1965) гэх кино байсан юм. Үүний дараа тэрбээр маш олон кинонд дүр бүтээсэн бөгөөд нийт 100 гаруй кинонд дүрээ мөнхөлжээ.

Харин бидний сайн мэдэх профессор Альбус Дамблдорын дүрээр Харри Поттерийн цувралын зургаан ангид нь тоглосон юм.

Эх сурвалж: ВВС

#мэдээ