Хятад залуусын ажилгүйдлийн түвшин нэмэгдсэн ч “Gen Z” үеийнхэн амралт, чөлөөт цагтаа мөнгөө харамгүй зарцуулж байна


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2023-09-17

“Gen Z” үеийнхэн мөнгөө хэмнэхийн оронд амьдралд хамгийн чухал гэсэн зүйлсээ илүүд үзэх болжээ
БНХАУ-д залуусын ажилгүйдлийн түвшин дээд түвшинд хүрч, ажил эрхлэлт  буурсаар байна. Хэдий тийм боловч БНХАУ-ын эдийн засгийн удаашралын үед “Gen Z” үеийнхэн аялж, зугаацаж цэнгэхээ зогсоосонгүй. 

1995 оноос хойш төрөгсдийн киноны тасалбар, гоо сайхны үйлчилгээ, уушийн газар, спортын тэмцээн уралдаан зэргүүдэд зарцуулах мөнгө энэ он гарсаар тогтмол өссөөр байгааг “Mintel” зөвлөх компанийн судалгаа танилцуулсан байна. Наймдугаар сард гэхэд л судалгаанд оролцогчдын 40 хувь нь өнгөрсөн сарынхаас илүү их мөнгийг амралт чөлөөт цагтаа зориулжээ. Энэ нь хувцас зэрэг бусад төрлийн нэмэлт хэрэглээнүүд дундаа хамгийн өндөр зарцуулалтын дүн болсон байна. 

Түүнчлэн он гарснаас хойш хятад залуусын мөнгөний зарцуулалт тогтвортой нэмэгдэж буй хоёр дахь салбар нь аялал жуулчлал юм. Үүгээр тус улсад залуусын ажилгүйдлийн түвшин өссөн ч зарцуулалт нь мөн нэмэгдсэн эсрэгцсэн үр дүн гарсан байна.

“Кино театр орох, үзэсгэлэн үзэх, гадаа дасгал хийх гэх мэт биеэр үзэж, мэдрэх үйл ажиллагаанд мөнгө зарах нь Gen Z үеийнхний цар тахлын дараа хэвийн амьдралдаа орох нийтлэг хэв маяг болж байна” хэмээн тус компанийн судалгааны ахлах шинжээч Блэйр Жан онцолж байлаа. 

БНХАУ-д залуу иргэд нь тус улсын хэрэглээ, үйлчилгээний аварга зах зээлийн өсөлтөд чухал үүрэгтэй байдаг. Гэвч цар тахлын дараа БНХАУ-ын эдийн засаг ганхаж, компаниуд шинэ ажилтан авах нь удааширснаар 16-24 насны залуусын ажилгүйдлийн түвшин зургаадугаар сард 22 хувьд хүрсэн нь дээд үзүүлэлт болсон юм. 

Харин “Gen Z” үеийнхний хувьд мөнгөө хэмнэхийн оронд амьдралд хамгийн чухал гэсэн зүйлсээ илүүд үзэх болжээ. Тэдний олонх нь өндөр үнэтэй төхөөрөмж, бүтээгдэхүүнд мөнгө үрэхийн оронд боломжийн үнэтэй зүйлсийг биеэр хийж үзэхэд мөнгөө харамгүй зарцуулж байгаа аж. Нөгөөтэйгөөр хуримтлал үүсгэх, байшин худалдан авах гэх мэт илүү урт хугацааны санхүүгийн зорилт тавьж байгаа аж.

Дашрамд дурдахад: боломжийн үнэтэйд тооцогддог БНХАУ-ын “Miniso” жижиглэн худалдааны дэлгүүр одоогоос жилийн өмнө зургаадугаар сард эцэслэгдсэн санхүүгийн улиралд Эх газрын Хятад дахь борлуулалт нь 40 хувиар өссөнийг тайлагнаж байлаа. Түүнчлэн БНХАУ дахь дэлгүүрүүдийнх нь гуравны нэг нь дээд хэмжээний борлуулалт хийснийг тус компани мэдээлж байсан юм.

#мэдээ