Намрын арьс арчилгаанд заавал мөрдөх 8 зөвлөмж


YOLO.mn | YOLO.MN
2023-09-16

Зуны дулаахан өдрүүд дуусгавар болж намрын жиндүүхэн өдрүүд айлчлан иржээ. Улирлын яг өдийд охидын хамгийн их санаа чилээдэг зүйл бол арьс арчилгаа. Гэрэлтсэн арьс бүрзийж, будаг ч шингэхээ больж өөртөө итгэх итгэл тань багасаж байгаа юм биш биз. Тийм бол намрын улиралтай хамт арьсандаа хэвшүүлэх үнэт 8 зөвлөгөөг хүргүүлж байна. 

Илүү их чийгшүүлэх  

Намрын улиралд цаг агаарын шинж байдлаас хамааран бидний арьс маш их эмзэгшиж хуурайшдаг.  Арьс загатнан, будаг шингэхээ болих, уян хатан байдлаа алдаж эхэлдэг. Арьсны энэ мэт асуудлыг шийдэх хамгийн зөв арга бол хангалттай хэмжээний чийгшил өгөх юм.  Өөрийн арьсны онцлогт тулгуурлан өдөржин чийгээ хадгалах бүтээгдэхүүнийг сонгон маскны хэрэглээгээ нэмэгдүүлэхийг зөвлөе.  

Усыг өдөр тутмынхаа дадал болгох 

Ус бол намрын арьс арчилгааны гол цөм юм. Цаг агаар ердийнхөөс илүү хуурай байдаг тул үүнийг даган таны арьс ч мөн ихээр хуурайшдаг. Сэвх нөсөө толбо зэрэг арьсны асуудлууд  тодорч эхлэх нь элбэг. Тиймээс илүү их ус ууснаар таны арьс чийгээ хадгалж, уян хатан чанар нь сайжирна. Мөн ус нь таны арьсан дор хуримтлагдсан хорт бодисыг арилгахад тусална. 

 Илүү сайн идэх 

Сайн иднэ гэдэг нь ухамсартай хооллоно гэсэн үг. Шинэхэн ургацын ногоо, жимс элбэг байх эдгээр өдрүүдэд хоол хүнсэндээ онцгой өөрчлөлт хийхийг зөвлөе. Жимс, хүнсний ногоо нь гэдэс дотрыг цэвэрлэн, хоргүйжүүлж, арьсны уян хатан байдлыг сайжруулдаг. Тэжээллэг чанараар баялаг бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэснээр таны арьс илүү чийглэг толигор болно.  

Нарны тосны хэрэглээгээ нэмэгдүүлэх 

Зуны нарлаг өдрүүд дуусгавар болмогц нарны тосны хэрэглээгээ багасгаж байгаа юм биш биз. Гагц зуны улирал гэлтгүй жилийн дөрвөн улиралд нарны тос таны байнгын хэрэглээ байх ёстой.  Тиймээс нарны тосоо зөв түрхэхэд анхаараарай 

Биеийн тос хэрэглэх  

Нүүрний арьс арчилгаанаас гадна намрын улиралд биеийн арчилгаа онцгой чухал. Улирлын чанараас хамааран илүү зузаан, биеийг бүтэн халхалсан хувцас өмсдөг ч яг энэ үед биеийн арьс мөн хуурайшдаг. Тиймээс биед хурдан шингэдэг шингэн бүтэцтэй нөхөн сэргээгч тос сонгож хэрэглээрэй. 

Гуужуулах бас дахин гуужуулах

Намрын хуурай агаар нь таны арьсны гадаргуу дээр бохирдол үүсгэж, өнгө алдуулдаг. Тиймээс өөрийн арьсны онцлогт тохирсон байгалийн гаралтай гуужуулагч сонгоорой.  Охид хуурайшсан арьсаа чийгээр хангахын тулд олон төрлийн чийгшүүлэх бүтээгдэхүүн хэрэглэдэг. Яг энэ үед арьсаа сайтар гуужуулснаар чийгшил арьсны гүн давхарга руу илүү сайн нэвтэрнэ.   

Гоо сайхны бүтээгдэхүүнээ өөрчил  

Таны хэрэглэж буй гоо сайхны бүтээгдэхүүн улирлын чанартай байх ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл та зун хэрэглэж байсан гоо сайхны бүтээгдэхүүнээ намар, өвлийн улиралд хэрэглэж болохгүй. Намрын улиралд харшил үүсгэдэг хөвөгч тоос их байдаг. Тиймээс цаг агаарт дасан зохицож чийгшүүлэгч тос, хөнгөн бүтэцтэй крем сонгоорой.

Уруулын  арчилгааг мартуузай 

Та намрын улиралд уруулын арьс арьчилгаандаа онцгой анхаараарай. Хагарч эмзэгшсэн уруулдаа вазелин түрхэх нь тийм ч сайн нөлөө үзүүлэхгүй. Харин байгалийн гаралтай уруулын тусгай чийгшүүлэгч хэрэглээрэй.  

Эх сурвалж:Skincarebeginner

#нийтлэл