Хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “Мэддэг, Мэдээлдэг байя” аян эхэллээ


YOLO.mn | YOLO.MN
2023-09-16

Хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой “Мэддэг, мэдээлдэг байя” сарын аян эхэллээ.

Монгол Улс болон АНУ хооронд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүн худалдаалах гэмт хэрэгтэй (ХХГХ) тэмцэх чиглэлээр хамтарсан тодорхой зорилгод хүрэх амлалтыг баримтжуулан “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээ”-нд 2020 оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан юм.

Энэ гэрээний хүрээнд  “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийг Дэлхийн Зөн Монгол болон Азийн Сан ОУ-ын байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.

Төслийн зорилго нь ХХГХ мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхдээ хохирогч төвтэй арга барилд тулгуурлах, хохирогч хүүхдэд учирсан бие махбод, сэтгэцийн гэмтлийг харгалзан цогц үйлчилгээ үзүүлэх, гэмт этгээдүүдэд зохих ял шийтгэл оногдуулах болон ХХГХ-т хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн уялдаа холбоо хамтын ажиллагааг сайжруулах, чадавхыг бэхжүүлэхэд оршино.

Энэ гэрээний хүрээнд хүн худалдаалах гэмт хэрэгт хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлэх “Мэддэг мэдээлдэг байя” аяныг АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр ХЗДХЯ, ХНХЯ, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Азийн сан, “Монгол Контент” ХХК хамтран хэрэгжүүлж байна.

АНУ-ын Элчин сайдын Яамны дэд тэргүүн Мэтю Фэрэнс хүүхдүүдийн хамт

Аяны нээлт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын 65 дугаар сургуулийн гадна талбайд болов. Нээлтэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл, АНУ-ын Элчин сайдын Яамны дэд тэргүүн Мэтю Фэрэнс, Дэлхийн Зөн Монгол ОУ-ын байгууллагын Хүүхэд хамгаалал Компакт төслийн захирал Б.Дарьханд нар болон бусад  төрийн болон төрийн бус байгууллагуудын албаны хүмүүс болон багш, сурагч, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.

Хүн худалдаалах гэмт хэрэг аль ч улсад үйлдэгдэх боломжтой бөгөөд Монгол Улс илгээгч, дамжуулагч, хүлээн авагч орон гэдгээр олон улсын тайлан, илтгэлд дурдагдаж байна. Уг гэмт хэргийн дийлэнх тохиолдол бэлгийн мөлжлөг болон албадан хөдөлмөр эрхлүүлэх, хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэрээр үйлдэгддэг ба хүүхэд, эрчүүд ч өртдөг. дуучин Идэрээ, гитарчин Хишигээ

дуучин Идэрээ, гитарчин Хишигээ

Монгол Улсын хувьд хүн худалдаалах гэмт хэргээр сүүлийн 3 жилийн хугацаанд 49 хүүхэд хохирогчоор илэрч бүртгэгдсэн байна (ЦЕГ-ын мэдээлэл).

Энэ гэмт хэрэгт ихэвчлэн эмэгтэйчүүд өртдөг ба 10 хохирогч тутмын тав нь насанд хүрсэн эмэгтэй, хоёр нь охид байгаа бол нийт хохирогчдын гуравны нэг буюу 34 хувь нь хүүхэд байна гэж ХХГХ-ийн дэлхийн төлөв байдлын тайлан 2020-д дурджээ.

Иймд эрсдэлтэй тохиолдлыг мэдээлдэг, эрсдэл өндөр хүүхэд, хохирогчийг илрүүлэх, тэднийг үйлчилгээ үзүүлэгч байгууллагад хандуулах, хамгаалах хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Мэддэг, мэдээлдэг байя” аяныг эхлүүлж, хүүхдүүд, эцэг эх асран хамгаалагч нарт контентоор дамжуулан мэдээллийг хүргэх юм. 

1024

 

#мэдээ