Оцон шувууны дэгдээхэйнүүд сэлж сурахаасаа өмнө живж байна. Энэ нь биднээс болсон...


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2023-09-07

"Nature Communications, Earth and Environment"-ийн нийтлэлд “Хэрэв дэлхийн дулаарал энэ эрчээр үргэлжилбэл далайн мөсөн хавтан дээр туйлын өвлийг өнгөрүүлдэг ямар ч амьтанд найдвар үлдэхгүй болох”-ыг анхааруулжээ.

Өнгөрсөн онд Антарктидын зарим нутагт хаан оцон шувууны сүргүүд -50 хэмийн хүйтэн, 160 км/цагийн хурдтай салхийг тэсвэрлэн өвлийн турш дарж бойжуулсан дэгдээхэйнүүдээ бүгдийг нь алдсан тохиолдлууд гарчээ. Эрдэмтэд оцон шувууны ажиглалт хийхдээ ашигладаг хувийн болон Засгийн газрын хиймэл дагуулын зураглалаар тэрхүү гунигтай дүр зургуудыг илрүүлсэн аж.

Оцон шувууны төрөл зүйлүүдээс хамгийн алдартай нь болох эдгээр шувууд зөвхөн далайн мөсөн тавцан дээр үржилд орж, дэгдээхэйгээ өсгөдөг боловч дэлхийн дулаарал эрчимжсэнээр мөсөн тавцангууд хэт эрт хайлах болжээ. Ингэснээр сэлж сурахад дэндүү нялх дэгдээхэйнүүд далайд живэх болсон байна.

Өнгөрсөн онд АНУ-ын Зэрлэг ан амьтан, загас хамгааллын албанаас хаан оцон шувууг ховордсон ангилалд оруулсан юм. Аливаа төрөл зүйл нэгэнт устчихвал тэднийг дахин амьдруулах боломж одоогоор бараг тэг хувь байна.

Оцон шувуудын үр төлөө алдсан талаарх судалгааг "Nature Communications, Earth and Environment" саяхан нийтлэхдээ "Хэдийгээр энэ нь устахын ирмэгт ирсэн гэсэн үг биш боловч хэрэв дэлхийн дулаарал энэ эрчээрээ үргэлжилбэл далайн мөсөн хавтан дээр туйлын өвлийг өнгөрүүлдэг ямар ч амьтанд найдвар үлдэхгүй" болохыг анхааруулсан байна.

Дөрөвдүгээр сар гарч, дэлхийн өмнөд хагаст намар эхлэхэд оцон шувууд үржилд орохоор мөсөн хавтан дээр цугладаг бөгөөд эрэгчин шувууд өндгөө дарж, хоорондоо наалдан бөөгнөрөх байдлаар Антарктидын өвлийн хамгийн хахир хатуу, хүйтэн үеийг давдаг гэж дээрх судалгааг бичсэн багийн ахлагч, Их Британийн Антарктидын судалгааны албаны газар зүйч Питер Фретуэлл онцолжээ.

Наймдугаар сард өндөгнөөсөө гарсан дэгдээхэйнүүд 12 дугаар сар хүртэл сэлж сураагүй хэвээр байдаг. Хэрэв цаг агаар дулаарч, далайн мөс хэт эрт хайлбал тэд живж үхнэ. Мөн өд сөд нь бүрэн ургаж гүйцээгүй үед усанд унавал хөлдөж үхэх аюул хүлээж байдаг аж.

Хиймэл дагуулын тусламжтай хийсэн сүүлийн судалгааг Антарктидын хамгийн эрчимтэй дулаарч буй бүс болох Беллингсхаузений тэнгист явуулжээ. Тэндхийн оцон шувуудын сүрэг багадаа 600, ихдээ 3500 гаруй нас бие гүйцсэн хосоос бүрддэг байна. Хэдийгээр зарим хахир хатуу жилүүдэд сүргүүд үр төлөө алдах тохиолдол байдаг ч нийт 62 сүргээс 19 нь ямар ч үр төлгүй хоцорсон өнгөрсөн оных шиг тохиолдол өмнө нь бүртгэгдэж байгаагүйг Питер Фретуэлл онцолж байна.

#мэдээ