“ХҮСЛИЙН ЗАХИА”-ны эзэд тодорч ХҮСЛИЙН БЭЛГЭЭ гардан авлаа


Сондор | YOLO.MN
2017-01-04

YOLO.mn сайтын зүгээс “ХҮСЛИЙН ЗАХИА”  уралдааныг уншигч хүүхдүүдийнхээ дунд явуулсан билээ. Нийт 400 гаруй захидал ирүүлснээс зөвхөн өөрийгөө гэлгүй өрөөл бусдыг бодсон чин хүсэл, хамт олноороо идэвх санаачлагатай оролцсон, сэтгэл хөдөлгөм, бүтээлчээр хандсан гэх мэт шалгууртайгаар нийт зургаан хүүхдийн хүслийг биелүүллээ.

ХҮСЛИЙН ЗАХИА №1
Орцны жижүүр эмээ болон түүний зээ хүүг дулаан хувцастай өвөлжөөсэй гэх чин сэтгэлээсээ хүссэн, 18-р сургууль 8-р ангийн сурагч Э.Энхмаргад охины хүслийг биелүүллээ. Тэрээр цахим захидалдаа “Цас бударсан өвлийн нэгэн шөнөөр хичээл номдоо шамдан харанхуй бүрийгээр байрандаа ороход халуун дулаан, цэвэр цэмцгэр орчин гэрэл гэгээтэйгээр угтахад өдөржингөө ядарсан сэтгэл санаа шинэхэн дэлгэрч буй цэцэг мэт эерэг уур амьсгалаар амьсгалж тэр өдөр надад аз жаргалыг бэлэглэсэн. Төд удалгүй гэрээсээ гарахад хижээл насны нэгэн эгч ач хүүтэйгээ инээд хөөр цалгисан,чин сэтгэлээсээ шалыг минь зүлгэн суухад миний бүх сэтгэл хөдлөл яг тэнд л түгж байсан. Хүйтэн орцонд нимгэн хувцастай ч гэлээ инээд хөөр, баяр баяслаараа юунаас ч илүү дулаацуулж эмээтэйгээ хөгжилдөн наадаж байсан бяцхан жаалхүүг хараад би бүх хувцсаа тайлаад өгмөөр санагдсан ч чадаагүй. Энэ жилийн чин сэтгэлийн минь хүсэл бол чихэр, жимс бус бяцхан жаал болон эмээг нь энэ жилийг өвдөж зовохгүйгээр өнтэй давах дулаан хувцсыг хүсэж байна” гэсэн байсан юм. Бид Э.Энхмаргад охины хүсэлтээр эмээ болон зээг хүүд нь дулаан хувцас бэлэглэсэн юм. (Биднийг очиход жаалхүү нь цэцэрлэгтээ явсан байсан юм)


ХҮСЛИЙН ЗАХИА №2
Эмээтэйгээ жил бүр Харшийн сүлд модны наадмыг үздэг байсан Г. Номин-Эрдэнэ охин энэ жил нэгэн шалтгааны улмаас үзэх боломжгүй болсон учраа хүслийн захиандаа дурдсан байсан. Харин бид Г.Номин-Эрдэнэ охины хүслийг биелүүлсэн юм.


ХҮСЛИЙН ЗАХИА №3

Эрдмийн хөтөч 58-р сургууль 5-р ангийн сурагч, жаахан дүүгээ хүүхдийн тэрэгтэй болгохыг хүссэн Х.Мөнххүслэн хүүгийн хүслийг биелүүллээ.


ХҮСЛИЙН ЗАХИА №4
1-р сургуулийн 7в ангийн 31 хүүхэд хүслийн захиагаа бидэнд ирүүлсэн. Хамт олноороо оролцсон идэвх санаачлагыг үнэлж мөн ангийн нэгэн хүүхдийн хүслийн дагуу “Гэгээнтэн” кинотеатрт ангиараа хүссэн киногоо үзэх эрхийн бичгийг бэлэглэлээ.


ХҮСЛИЙН ЗАХИА №5
Багануур дүүргийн Боловсрол Цогцолбор сургуулийн 7-р ангийн сурагч, муурандаа иж бүрдэл хэрэгсэлтэй болохыг хүссэн Т.Энхсаруулын хүслийг биелүүллээ. Тэрээр хичээлтэй байсан учир аав дүү хоёр нь хүрэлцэн ирж бэлгийг нь авсан юм.

Муурын хэвтэр, сам, шампунь, хоолны идүүр, элс, элсний хайрцаг, зориулалтын хоол, саатуулагч хэвтэр


ХҮСЛИЙН ЗАХИА №6

Ангийнх нь хувцасны өлгүүр хүрэлцдэггүйн улмаас гадуур хувцсаа тавих газар байхгүй, цонхны тавцан дээр тавьсан ч хувцаснууд газар унаж санамсаргүйгээр гишгэгддэг хэмээн захиандаа дурдсан Э.Бат-Оргил хүүгийн ангидаа хувцасны шүүгээтэй болох хүслийг нь биелүүллээ.

Хүслийн бэлэг үүгээр дуусаагүй юм шүү. Бид хүслийн бэлгээ 5 хүүхдийн хүслээр хязгаарласангүй, дахиад 50 хүүхдэд ЦАСНЫ СКҮҮТЕР бэлэглэсэн юм. Хүслийн захиа бичиж ирүүлсэн нийт хүүхдэдээ YOLO.mn сайтын хамт олны зүгээс баярлаж талархсанаа илэрхийлье. wink

#NewYear #Letter #YOLO