Гадаадын их дээд сургуулийн танилцуулга #11 University of Chicago


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-08-29

Цувралынхаа энэ удаагийн дугаараар Америкийн топ их сургуулиудын нэг болох Chicago-ийн их сургуулийг танилцуулж байна. 1890 онд байгуулагдсан тус сургууль нь  2022-2023 оны  топ сургуулиудын жагсаалтад 6-т оржээ. 

Чикагогийн их сургуульд жил бүр өргөдлөө илгээсэн сурагчдын 6% нь тэнцдэг. Нийт 7526 бакалаврын оюутантай уг сургууль нь 50 гаруй мэргэжлийг санал болгодог байна. Ихэнх сурагчид нь Математик, Эдийн засаг, Биологийн шинжлэх ухаан, Улс төрийн шинжлэх ухаан, Сэтгэл судлал, Төрийн бодлого судлал,  Түүх, Мэдрэл судлал, Физик гэсэн хичээлүүдийг сонгодог байна. 

Үүнээс гадна ихэнх сурагчид нь оюутныхаа байранд амьдардаг ба 1-р курсийн оюутнуудыг кампус дээрээ амьдрахыг шаарддаг байна. Нийт 450 оролцооны клуб, дугуйлан байдаг ба өөр улсад суралцах хөтөлбөр нь Грек, Хятад, Франц зэрэг улсуудад сурах боломжийг олгодог байна. 

Uchicago-ийн төгсөгчдөөс 94 Нобелийн шагналтан төрөн гарсан. Мөн АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама Чикагогийн сургуулийн хуулийн тэнхимд нь 12 жил багшилж  байсан түүхтэй аж.  Тухайн сургуульд 3 оюутан тутамд 1 профессор оногддог учир багш нар нь сурагчидтайгаа тулж ажиллах боломжийг олгодог байна. 

Ихэнх бусад сургуулиудтай харьцуулахад Чикагогийн жилийн төлбөр нь $62940 байдаг. Төлбөрийн хувьд харьцангуй үнэтэй ч сурах хүсэл эрмэлзэлтэй сурагчдад санхүүгийн тусламж өгдөг. Сурагчдынх нь 96% нь сургуулиа асуудалгүй төгсдөг ба төгссөний дараа жилд дунджаар $68100 цалинтай ажилладаг байна. 

Сурагчид нэгдүгээр сарын 2-оос өмнө өргөдлөө илгээх боломжтой. Чикагогийн их сургуулийн элсэлтийн албаныхан сурагчдын академик чадварыг нь голчлон дүгнэдэг. Мөн тодорхойлох захидлуудыг чухалчилдаг аж. 

Эх сурвалж: usnews.com

#нийтлэл