Залуусын сонирхлыг нэгтгэсэн "Япон Поп Соёлын Өдөрлөг"


YOLO.mn | YOLO.MN
2023-08-07

Кимоно өмсөж, анимэ дүрд хувирсан өнгийн үс, зүүсгэл гоёлтой залуус өнгөрөгч бямба гарагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд   цуглажээ. Тоторо, Кики, Акира зэрэг хүн бүрийн эчнээ танил болсон дүрүүдийг харж, сакура аялгуунд манга унших нь Арлын Японд зочилсон мэт онцгой мэдрэмжийг өгөх аж. Энэ бол 10 дахь жилээ зохион байгуулагдаж буй Япон Поп соёлын өдөрлөг юм. Хоёр улсын найрамдалт харилцааг илтгэх тус өдөрлөг жил бүр цар хүрээгээ тэлж, тэр хэрээр зорин ирэх залуусын тоо ч мөн нэмэгдэж буй.  

10 жилийн ойгоо угтан Японы Поп Соёлыг Сонирхогчдын Холбоо  нь Дэлхийн хамгийн том косплэй уулзалт зохион байгуулагч компани болох World Cosplay Summit-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тус гэрээний дагуу энэ жилийн косплэй тэмцээний ялагчид Саудын Арабд зохион байгуулах “World Cosplay Summit Exhibition Event”-д эх орноо төлөөлөн оролцоно гэдгийг Японы Поп Соёлыг Сонирхогчдын Холбооны тэргүүн Э.Түвшинжаргал хэллээ.  Мөн  хөтөлбөрийн дагуу зарласан тэмцээнүүдэд залуус идэвхтэй оролцож буйг онцолж байлаа. 

Залуус өөрсдийн  төсөөллөө манга болгон гаргаж, үзэх дуртай анимэ хүүхэлдэйнхээ  дууг дуулж, хүссэн косплэй дүрээ бүтээн, япон улсын талаар танин мэдэхүйн мэдлэгээ сорьж өрсөлдсөн юм. Тэмцээний хамгийн балчир оролцогч 10 настай Г. Мөнхжин байлаа. Мобайл тоглоом тоглож, анимэ үзэх дуртай  бяцхан охин косплэй хийдэг хүмүүсийг хараад өөрийн дуртай дүрд хувирах хүсэлтэй болсон гэв. 

"Япон Поп Соёлын Өдөрлөг" - ийг Монгол дахь Японы элчин сайдын яам, Монгол Улсын Гадаад Харилцааны Яам болон япон соёлыг түгээгч байгууллагууд дэмжин  ажиллажээ. Цаашид тус өдөрлөгийн цар хүрээ улам тэлнэ гэж зохион байгуулагчид хэлж байлаа. 

#нийтлэл