Мета компаниас Твиттерийн “өрсөлдөгч” аппликейшнийг танилцуулна


А.Номин | YOLO.MN
2023-07-05

  • Мета компаниас танилцуулах шинэ аппликейшн зарчмын хувьд Твиттертэй төстэй
  • Хэрэглэгчээс төлбөр авахгүй, уншилтын тоонд хязгаар тавихгүй аж
  • Threads рүү Инстаграм хаягаараа нэвтрэх боломжтой 

Мета компани Threads гэх нэртэй бичвэрт суурилсан харилцааны шинэ аппликейшнийг пүрэв гарагт танилцуулахаа зарлалаа. Тус аппликейшний доторх загвар, ажиллах зарчмаараа Твиттертэй төстэй аж.  

Саяхан Твиттер компаниас хэрэглэгчдийн унших жиргээний тоог хязгаарлана хэмээн мэдэгдсэн. Тэгвэл шинээр гарч буй Threads уншилтын тоонд хязгаар тавихгүй, хэрэглэгчээс ямар нэг төлбөр авахгүй гэдгийг онцоллоо.

Апп стор дээр Threads-ын урьдчилсан захиалга хийхэд бэлэн болсон ба тайлбар дээр нь “Threads нь хүмүүс хоорондоо нэгдэж, өнөөдрийн онцлох үйл явдал болон маргаашийн тренд сэдвийг хэлэлцэх боломжтой аппликейшн” хэмээн бичжээ. Тус аппликейшн рүү Инстаграм хаягаараа нэвтрэх боломжтой ба ингэснээр олон хэрэглэгч татна гэж үзэж байгаа аж.

Хоёр компанийн эзэд болох Илон Маск, Марк Зукерберг нар өнгөрсөн сард дэвжээн дээр тулалдана хэмээн олон нийтийг шуугиулсан. Тэгвэл Зукерберг Твиттертэй төстэй шинэ аппликейшн танилцуулж байгаа нь тэдний өрсөлдөөний нэг хэсэг болж байна.

Эх сурвалж: BBC

 

#Мэдээ