Хятад улсын шилдэг 10 сургууль


Т.Хулан | YOLO.MN
2023-05-30

Дэлхийн эдийн засаг, нийгэм, соёл, эрүүл мэнд, боловсролын хүрээнд томоохон байр суурийг эзэлдэг, хөгжингүй улсын нэг бол БНХАУ юм. Хятад улсыг сонгон суралцахаар сонирхож буй залууст зориулан дэлхийд эхний 100-д, улсдаа эхний 10-т ордог топ сургуулиудын товч танилцуулгыг хүргэж байна. 

1.Tsinghua University 

Хятадын хамгийн шилдэг сургуулиар Tsinghua University тодрох нь ойлгомжтой байв. Учир нь энэхүү сургууль нь Дэлхийд 17-д, Азидаа 4-т ордог тэргүүлэх зэрэглэлийн сургууль юм. Анх 1911 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 36,300 гаруй элит түвшний оюутныг бэлтгэж байна. Онцлог давуу талын хувьд улс төр, бизнес, соёлын лидерүүдийг ихээр төрүүлдэг. Тодруулбал хоёр Нобелийн шагналтан, Хятадын улс төрийн шилдэг удирдагчид гээд дурдаад байвал дуусахгүй. Бидний сайн мэдэх Хятад улсын Ерөнхийлөгч Ши Жиньпин хүртэл Tsinghua University-г төгссөн билээ. 

2. Peking University 

Хятадын хамгийн шилдэг хоёр дахь их сургуулиар Бээжин хотод байрлалтай Peking University тодорсон юм. Уг сургууль нь 2019 онд Дэлхийд 30-р байрт жагссан бөгөөд удаан хугацаанд тогтмол амжилттай явж байгаа нь олон улсад нэр хүндтэй боловсрол, гадаад оюутнууд руу чиглэсэн хөтөлбөртэй нь холбоотой хэмээн тайлбарладаг билээ. Мөн энэхүү сургууль нь Хятадын хамгийн шилдэг тэргүүлэх зэрэглэлийн инженер, зохион бүтээгчдийг төрүүлдэг гэдгээрээ алдартай юм. 

3. Fudan University

Анх 1905 онд үүсгэн байгуулагдсан Fudan University нь Дэлхийн топ 50 их сургуульд сүүлийн гурван жил дараалан багтаж байгаа юм. Хятад хамгийн шилдэг гурвын нэг болох энэхүү сургууль нь 2000 онд Shanghai Medical University-тэй нэгдсэнээр одоогийн өндөр түвшинд хүрсэн гэж эрдэмтэд үздэг аж. Одоогийн байдлаар тус сургуульд 31,900 гаруй оюутан суралцдаг бөгөөд байгалийн ухаан, хүмүүнлэгийн ухаан, анагаахын ухааны чиглэлээрээ тэргүүлэгч билээ. 

4. USTC

USTC-ийг Хятадын зүүн хэсэгт орших Хэфэй хотод байрладаг үндэсний судалгааны их сургууль гэж хэлж болох юм. 2019 онд Дэлхийд 98-р байрт жагссан тус сургууль 1958 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд “Шинжлэх ухааны элитүүдийн өлгий” гэж үздэг. Энэхүү сургуулийн онцлог нь Дэлхийн хэмжээний томоохон судалгаа, шинжилгээнүүдийг ихээр гардан авч ажилладаг явдал юм. 

5. Zhejiang University

Жэжян мужийн зүүн хэсэгт орших Ханжоу хотын үзэсгэлэнт хэсэгт байрлах Zhejiang University нь Хятадын шилдэг их сургуулиудын дунд тавдугаарт бичигддэг бөгөөд Дэлхийн хамгийн сүүлийн үеийн их сургуулийн чансаанд 68 дугаарт жагсдаг гэнэ. Мөн уг сургуулийн номын сан нь долоон сая гаруй боть бүхий цуглуулгатай бөгөөд энэ нь тус бүс нутгийн хамгийн том эрдэм шинжилгээний номын сангийн нэг болжээ. 

6. Shanghai Jiao Tong University 

Shanghai Jiao Tong University нь 1896 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд C9 League-ийн элит сургуулиудын нэг юм. Учир нь одоогийн байдлаар Дэлхийд 57-д эрэмбэлэгдэж байгаа төдийгүй олон улсад нэр хүндтэй билээ. Мөн уг сургуульд бүртгэлтэй нийт 48,900 гаруй оюутан байдаг бөгөөд үүний 2,400 гаруй нь олон улсын оюутан аж. Түүнчлэн энэхүү сургуулийн инженерийн программ нь хамгийн алдартай бөгөөд шилдэг залуус ихээр сонгож сурдаг гэнэ. 

7. Nanjing University 

Анх 1902 онд үүсгэн байгуулагдсан Nanjing University нь 2019 онд Дэлхийд 122-т жагссан бөгөөд Азийн хамгийн шилдэг сургуулиудын нэг юм. Уг сургууль нь Докторын зэрэгтэй, Дэлхийн хэмжээний шилдэг багш нартай гэдгээрээ нэр хүндтэй билээ. Одоогийн байдлаар уг сургуульд 33,000 гаруй оюутан суралцаж байгаа бөгөөд Хятадын мэдээллийн агентлагуудын хэлж байгаагаар залуусын хамгийн ихээр сонгодог сургууль хэмээн тодорхойлсон байна. 

8. Sun Yat-sen University

Sun Yat-sen University нь Хятадын өмнөд хэсгийн тэргүүлэх их сургуулиудын нэг юм. Уг сургууль нь бидний сайн мэдэх Гуандун мужийн Гуанжоу хотод байрладаг бөгөөд гурван удаа магадлан итгэмжлэгдсэн бизнесийн сургууль гэдгээрээ алдартай аж. Хэдийгээр Дэлхийд 295-д жагсдаг ч Дэлхийн хоёр дахь хамгийн хурдан компьютертэй, эх газрын хамгийн том эмнэлгийн системтэй газар байрладаг гэдгээрээ давуу талтай гэнэ. 

9.Wuhan University

Энэхүү их сургуулийн хувьд 2019 онд багш, ажилчдын үзүүлэлтээрээ өндөр оноо авч Хятадын шилдэг 10-т багтсан байна. Анх 1893 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар Дэлхийд 257-д жагсаж байгаа юм. Уг сургуулийн давуу тал нь Дэлхий даяар маш олон боловсролын байгууллагуудтай хамтарч ажилладаг явдал юм. Тиймдээ ч жил бүр тогтмол 2,000 гаруй оюутанг олон улс руу солилцооны хөтөлбөрөөр явуулдаг байна. Мөн Азийн хамгийн тансаг кампустай гэдгээрээ алдартай билээ. 

10. Harbin Institute of Technology

Harbin Institute of Technology нь 1920 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Хятадын C9 League буюу хамгийн шилдэг, элит их сургуулиуд нэг юм. Уг сургууль нь улсдаа инженер, сансар судлал, батлан хамгаалахын судалгаа, шинжилгээ талдаа тэргүүлэгчдийн эгнээнд багтдаг аж. Одоогийн байдлаар Дэлхийд 285-р байранд жагсаж байгаа юм. 

#Боловсрол