YOLO.mn сайтын өсвөрийн сэтгүүлч "ШИЛДЭГ МАНЛАЙЛАГЧ ХҮҮХЭД"-ээр шалгарлаа


Үжин | YOLO.MN
2016-12-23

“ИРЭЭДҮЙД ЭХ ОРНОО АВЧ ЯВАХ БИДНИЙ ӨНӨӨДРИЙН АМЖИЛТЫГ УРАМШУУЛЖ БАЙГААД БАЯРЛАЛАА”

Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газраас 2016 онд сурлага, урлаг, спортын амжилтаараа бусдыгаа манлайлсан Нийслэлийн оны шилдэг хүүхдүүдийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Улаанбаатар чуулгад болж өндөрлөлөө.

Оюунлаг, авьяаслаг, бүтээлч, манлайлагч, спортлог гэсэн таван номинацид есөн дүүргээс шалгарсан нийт хүүхдүүдээс өнөөдөр шилдэг хүүхдүүдийг ийнхүү тодруулсан юм.

Шилдэг манлайлагч хүүхдээр Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн 11г ангийн сурагч Т.Ариунбаяр тодорлоо. Түүний амжилтаас  дурдвал  энэ оны 10-р сард болсон Швейцарь улсын Женев хотноо зохион байгуулагдсан “Бүх хүүхдийн эрхийн төлөө” чуулга уулзалтад оролцсон, Хүүхдийг ивээх сан, Дэлхийн зөн ОУБ-ын хамтарсан НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай конвенцийн  хэрэгжилтийн талаар НҮБ-ын “Хүүхдийн эрхийн хороонд илтгэх бичиг” төсөлд хоёр жил хамтран ажилласан, 2016 оны өсвөрийн Шилдэг найман илтгэгчийн нэг юм. Т.Ариунбаяр мөн YOLO.mn сайтын өсвөрийн сэтгүүлч билээ.

Тэрээр “Ирээдүйд эх орноо авч явах хүүхдүүдийнхээ өнөөдрийн амжилт, хийсэн бүтээснийг ийнхүү урамшуулж байгаад зохион байгуулагч ах эгч нартаа баярлалаа. Энд цугласан бүх хүүхдүүд шилдгүүд, манлайлагч, Монгол улсын ирээдүй юм шүү. Бүгдэд нь амжилт хүсье” хэмээсэн юм.


Шилдэг авьяаслаг хүүхдээр Сүхбаатар дүүргийн Хөгжим бүжгийн коллежийн сурагч 11 настай Э.Эмүжин шалгарсан юм. Түүний амжилтаас дурдвал энэ оны 12-р сард ОХУ-ын Хабаровск хотноо зохиогддог Ази номхон далайн бүс нутгуудын “Новые Имена” олон улсын тэмцээний тэргүүн байрын шагнал хүртэж, өнгөрөгч 11-р сард “Мөрөөдийн зүг” бие даасан тоглолтоо амжилттай хийжээ.


“МОНГОЛЫН БҮХ ХҮҮХЭД 2017 ОНДОО АМЖИЛТ БҮТЭЭЛЭЭР ДҮҮРЭН БАЙГААРАЙ”

 

Шилдэг бүтээлч хүүхдээр Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн 9-р ангийн сурагч З.Чингис шалгарлаа.  Түүний амжилтаас дурдвал энэ онд болсон Нисэх загварын спортын Дэлхийн цомоос тавдугаар байр, Улан-Үдэ хотноо болсон олон улсын тэмцээний Алтан медальт, Монгол улсын төрөлжсөн олимпиад 2015, 2016 оны алтан медалийн эзнээр тус тус тодорч байжээ. Тэрээр “Энд цугласан болон Монголын бүх хүүхэд 2017 ондоо амжилт бүтээлээр дүүрэн, ихийг хийх тэмүүлэлтэй байхыг хүсэн ерөөе” хэмээсэн юм.


Шилдэг оюунлаг хүүхдээр Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолборын 2-р бага сургуулийн 5-р ангийн сурагч Ц.Тэмүүлэн шалгарлаа. Түүний амжилтаас дурдвал АНЭУ-н Дубай хотод болсон Олон улсын 21 дэх удаагийн “Чээж тоолол”-ын ДАШТ-ны 1-р байр Аваргын алтан цом авчээ. Мөн Үндэсний аварга шалгаруулах тэмцээний ой тогтоолтын төрлийн есдүгээр ангилалд 1-р байр эзэлжээ.


Шилдэг тамирчин хүүхдээр Налайх дүүргийн Эрдмийн оргил цогцолборын 12-р ангийн сурагч Г.Энхсувд шалгарлаа. Түүний амжилтаас дурдвал улсын Оюутны аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээнээс хүрэл медаль, Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, Монголын хүүхдийн спортын V их наадмын алтан медаль,  "Asashoryu cup 2016" олон улсын тэмцээнээс мөнгөн медаль тус тус хүртжээ.

 









#Teenagers