МУИС-тай танилцсан минь I NUM моод, "ботго", хоёрдугаар курсээсээ мэргэжлээ сонгодог гэнэ үү?


Б.Дариа | YOLO.MN
2023-05-26

Түм түжигнэж бум бужигнах хотын төвд өдөртөө хүний хөл үл тасарна. Нэг, хоёроор, алхсан, гүйсэн олны дийлэнх нь оюутан залуус. Багшийн дээд, МУИС хоёр, Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль.  Их сургуулиуд шил шилээ дараад сүндэрлэснийг хэлэх үү хаврын хавсарсан салхинаас сургуулиудын байр байшингийн араар нуугдсаар ирлээ.

Монгол Улсын Их сургууль.

Монгол орны ууган их сургууль. Ёстой л толгойтой аавын хүү л тэнцэж ордог гэлцэнэ. Арга ч үгүй биз. Айл гэрийн том хүүд арай илүү хариуцлага ноогддог шиг улс үндэстний ууган сургууль ч бусдаас илүүг хайж, бусдаас илүүг бэлтгэхийг хичээдэг байх.

Ялангуяа өнөө цагт боловсрол гэдэг хүнд өөртөө итгэх итгэл, өрсөлдөх чадамж, сайхан амьдралын баталгааг өгөх гол хүчин зүйл гэдэгтэй уншигч та санал нийлэх болов уу.

Ингээд МУИС-тай танилцах аялалаа эхлүүлцгээе.

Бидний аялал хичээлийн хоёрдугаар байрнаас эхлэв. Хаалгаар ороход л ийм бичигтэй томоос том толь угтсан. Толь байтугай, машины цонх зүгээр өнгөрөөдөггүй над шиг охид, залууст лав сургуулийн хамгийн дуртай газруудын нэг байх.

Шатаар өгсөн хоёр давхарт гарлаа. "Гарах, орох хаалга, өгсөх уруудах шат" гэж тэмдэглэсэн нь байгууллага сургууль бүр ийм соёлтой байвал болохоор авууштай санаа шиг санагдав. Тэд үүнийгээ "NUM /National University of Mongolia/ моод"  гэж нэрлэдэг байх нь. Моодлог байхыг хүсэхгүй хэн байх билээ?

Хоёр давхарт гарахад оюутнууд сайн дурын ажил хийж байв. Тэд гараар урласан, бага үнээр худалдан авсан зүйлсийг худалдаалж байлаа. Оюутнууд худалдааныхаа нийт орлогоор удахгүй болох хүүхдийн баярыг тохиолдуулан хүүхдүүдэд бэлэг тараах гэнэ. Бас дахин ашиглах боломжтой хувцас ч өгч болохоор байв. Хажууханд нь жижиг хандивын хайрцаг хүртэл багтаасан байлаа. Далайд дусал нэмэр, сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдэг дээ.

Бас хоёрдугаар байрнаас намайг юу олсныг таагаарай...

Энэ бол шинэ оюутнуудад олоход тун бэрх 345, 346 тоот ангиуд. МУИС-ийнхан цагаахан цаас шиг шинэхэн оюутнуудаа "Ботго" гэж "өхөөрдөн" нэрлэнэ. Есдүгээр сар гарахаар л хичээл орох ангиа асууж төөрсөн ботгууд энд нэг нааш нэг цааш холхидог гэнэ. 

Тэгвэл бид яаж энд ирснийг хэлж өгөх үү? Сургуулийн хаалгаар ороод баруун эргээд, дараа нь зүүн эргээд, тэгээд дахиад баруун эргээд...

МУИС-д нийтдээ 19 мянган баклаврын түвшний оюутнууд суралцаж байна. Нийт 149 мэргэжлээр суралцах боломжтой гэхээр манай улсад бэлтгэж болох дийлэнх хөтөлбөрүүд энэ сургуульд бий. Ингээд дэлгэрэнгүй мэдээлэл авахаар МУИС-ийн Оюутан хөгжлийн бодлогын газрын Элсэлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Наранцогттой хэдэн хором ярилцлаа.

"-Ахлах ангийн сурагчид мэргэжил сонголтоо хийхдээ сайн ойлголтгүй, сонгосон мэргэжилдээ итгэлгүй байх нь бий. Иймээс манай сургууль эхний жилд тухайн хүүхдийг бүрэлдэхүүн сургуульд элсүүлнэ. Дараа жил буюу хоёрдугаар курсээс нь мэргэжлээ сонгох боломжтой "Либерал арт" хөтөлбөр хэргэжүүлж байна. Шинжлэх ухаан, Бизнес, Хууль зүй гээд 8 бүрэлдэхүүн сургууль бий. Энэ нь тухайн хүүхдэд мэргэжил сонголтыг зөв хийхэд туслах юм. 

Нийт 65 клубд 1000 гаруй оюутнууд идэвхтэй хамрагдаж байна. Номын сангийн зарим уншлагын танхим ачаалалтай үед 24 цагаар ажилладаг. Тун удахгүй оюутнуудад мэдээлэл өгөх дуудлагын төвтэй болох гэж байна. Бид оюутнуудад чиглэсэн шинэчлэлт сайжруулалтыг үргэлж эрэлхийлж байдаг

-Элсэгчид юуг анхаарвал зохих вэ?

"- Хоёр зүйлийг онцлон хэлье. Эхнийх нь сургуульд элсэх бүртгэлийн системд заавал бүртгүүлээрэй. Бүртгэлийн систем ЭЕШ дуусаад л шууд хаагддаг. Хүүхдүүд өндөр оноо авах, шалгалтаа дуусгахчихвал хэзээ ч хамаагүй шууд элсээд орох боломжтой гэж эндүүрдэг. Ингээд бүртгүүлсэн бүх элсэгчдийн шалгалтын оноог эрэмблээд сургуулиудад хуваарилна. Харамсалтай нь өндөр оноотой ч бүртгүүлж амжаагүй бол элсэх боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт хуваарь ирэх сарын 21-ны өдрөөс олгогдоно. Бүртгүүлж хуваариа авсан хүүхдүүд 4 цагийн дотор баталгаажуулах ёстой байдаг. Тухайн хугацаанд баталгаажуулж амжаагүй бол хуваарь дараагийн хүүхдэд шилжих юм шүү" гэв.

Ингээд сургуулиас гараад хажууханд нь сүндэрлэх "алдарт" МУИС-ийн номын санд ирлээ. Үнэхээр сүрдэм...

Тэд энэ төхөөрөмжид оюутны үнэмлэхээ уншуулан нэвтэрдэг гэнэ. Аюулгүй бас амар тайван. 

Ахлах ангийн сурагч бүр ямар мэргэжилтэй болох, аль их сургуульд орох вэ гэдэг чухал асуулттай тулгардаг. Мэдээж ирэх дөрвөн жил, ирээдүйн дөч тавин жилийн амьдралын зам мөрийг шийдэх чухал цаг мөч учраас сонголтоо маш сайн бодож байж хийх нь зөв.

Ингээд оюутнууд яагаад МУИС-ийг сонгож суралцах болов гэдэг асуултын хариуг сонсоцгооё.

Тэд ийн ам бардам хэлж байсан юм. Гэхдээ бидний аялал дуусаагүй шүү. Цааш олон сонирхолтой зүйлс олон бий...

Үргэлжлүүлээд номын сан дотор орж үзэцгээе.

МУИС-ийн номын сан чөлөөт сонголтын хэлбэрт бүрэн шилжсэн ба хэвлэмэл болон цахим 400 мянга гаруй номын сан хөмрөгтэй гэнэ. Хайсан ном материалаа бараг л бүгдийг нь олох боломжтой гэсэн үг. 

Хичээлээ шамдан хийж буй оюутнууд... Тэд бол Монголын ирээдүй.

Нэг давхарт хичээлээ хийнгээ кофе шимж, багаар ажиллах боломжтой хөөрхөн кофе шоп байна.

Бас оюутнууд нь NUM брэндээр гоёх дуртай. 

Одоо хамгийн үзүүштэй хэсэг... Өнгөлөг, тав тухтай уншлагын танхим.

Харин энэ бол номын сангийн 4 давхар. Энд магистр болон докторын ахисан түвшний оюутнууд суралцдаг.

Энэ бүдэг ногоон гэрэл, бүрэнхийвтэр орчин, ширээ сандал Харри Поттерийн ертөнцөд ирсэн мэт мэдрэмж төрүүлэх аж.

Харин номын сангийн лекцийн танхимд оюутнууд хичээлээ орохоор хүлээж байв.

Гэхдээ бидний гайхшрал дуусаагүй байлаа. Бид номын сангаас гарч Багш оюутны хөгжлийн төвд зочлов.

Оны эхээр үүд хаалгаа нээсэн энэ төвд байхгүй зүйл гэж үгүй. Оюутанд хэрэгтэй эмнэлгийн тусламж үйлчилгээ, амралтын танхим, сэтгэл зүйч, start-up анги, тэр бүү хэл бялдаржуулах төв хүртэл ажиллаж байх юм.

Тав тухтай, сургуультай ойрхон бялдаржуулах энэ төв МУИС-ийн оюутнууддаа 50 хувийн хөнгөлөлттэй үйлчилж буй гэнэ шүү. 

Фитнесээс гарахад амралтын танхим...

Хичээлийн хонх дугарч, оюутнууд бужигналдан гарч ирэхтэй зэрэгцэн бидний аялал өндөрлөлөө. МУИС-р хамт аяласан та бүхэнд баярлалаа. 

#Боловсрол