31 настай, хамгийн хөгшин нохойн нууц "тайван амьдрах, ханатлаа унтах"


Сондор | YOLO.MN
2023-05-16

Португалийн хөдөө тосгонд амьдардаг, цэвэр цусны Рафейро до Алентехо үүлдрийн Боби 31 нас хүрчээ.

Боби өөрийн эзэн 38 настай Леонел Коста болон гэр бүлийн хамт Португалийн Лейриагийн Конкейрос тосгонд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн хөгшин нохойгоор өргөмжлөгдөж Гиннесийн дээд амжилтын номонд бичигдэв. Нохойн хоол биш, зөвхөн хүний хоол иддэг, сайн унтаж амрах дуртай Боби төрсөн өдрөө Бямба гарагт 100 гаруй зочинтойгоор тэмдэглэжээ.

Эзэн Костагийн хэлснээр Бобигийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Португалийн  уламжлалт үдэшлэг хийхийг зорьсон гэжээ. Мөн тэрбээр "Манайд маш олон сэтгүүлч ирдэг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс Бобитой зургаа авахуулахаар ирдэг" гэжээ.

1992 оны 5-р сарын 11-нд Бобигийн төрсөн огноог 1992 онд бүртгүүлсэн болохыг хотын захиргааны мал эмнэлгийн алба баталжээ. Мөн түүний насыг Португалийн Засгийн газраас зөвшөөрөгдсөн, Малын эмч нарын үндэсний холбоо удирддаг SIAC буюу тэжээвэр амьтдын мэдээллийн сан баталгаажуулсан байна.

8 настайгаасаа эхлэн Бобитой хамт амьдарч, түүнийг асарч байсан Коста нохойн биеийн байдал сайн байгаа гэж хэлсэн ч Боби алдартай болсноор бие махбодийн болон сэтгэл санааны дарамтад орж буйд санаа зовсон зээн нь саяхан түүнийг малын эмчид үзүүлсэн байна. “Олон зураг авалтад оролцож, тэр хэрээр босч, суух шаардлагатай болсон нь түүнд амаргүй байсан. Түүний эрүүл мэнд бага зэрэг муудсан ч одоо дээрдсэн" гэжээ.

Костагийн тэжээсэн хэд хэдэн нохой урт насалдаг, тэр дундаа Бобигийн ээж Гира 18 нас хүртлээ амьдарч байсан. Гэхдээ Коста нохойгоо 30 гарна гэж төсөөлж ч байгаагүй гэнэ. "Хэрэв Боби ярьдаг байсан бол урт насалж буй нууцаа тэр өөрөө сайн тайлбарлаж чадна" хэмээн Коста хошигножээ.

Коста Бобигийн амьдралын хэв маяг тайван орчинд байдаг нь урт насалсан гэж үздэг. Маш нийтэч нохой Боби нь Костагийн гэртэй ойролцоох ойгоор зугаалдаг бөгөөд хэзээ ч гинжлэгдэж, уяанд байж үзээгүй. Тэр яг л гэр бүлийн нэгэн гишүүний адил оройн хоолноос иддэг. Боби амрах дуртай, ялангуяа сайхан хоол идсэний дараа нам унтдаг. Хүйтэн өдөр тэр галын дэргэд унтдаг байна.

Эх сурвалж: Today

#Амьтдын тухай