Хэрвээ YAHOO ашигладаг бол ЯГ ОДОО...


Үжин | YOLO.MN
2016-12-21

Хэрэв та Yahoo-ийн цахим шуудангийн үйлчилгээ болон Tumblr, Flickr, Fantasy Football зэргийг ашигладаг яг одоо л арга хэмжээ авах хэрэгтэй. Компани өнгөрсөн 2013 онд нэг тэрбум хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсан гэдэг баттай болсон.

Хамгийн ноцтой нь хэрэглэгчдийн нэр, цахим шуудангийн хаяг, утасны дугаар, төрсөн өдөр, нууц үг зэрэг бүхий л мэдээлэл хэдэн жилийн өмнө хакеруудын гарт орсон боловч дөнгөж өнөөдөр л бид мэдэж байна.

Тиймээс хэрэглэгч та яг одоо дараах алхмуудыг хийж, болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлээрэй.

#1 Yahoo хаягаа шинэчлэх

Хэрвээ та 2013 оноос хойш нууц үгээ солиогүй бол яг одоо өөрчилж, нууц асуултууд, нууц хариултуудаа ч шинэчлэх хэрэгтэй.

#2 Зөвхөн Yahoo-г шинэчлэх хангалтгүй

Интернет хэрэглэгчид нэг бол хэтэрхий хялбар /123456 гэх мэт/, эсвэл олон үйлчилгээг нэг л нууц үгээр түгждэг. Хэрвээ та Yahoo болон facebook, Twitter гэх мэт бусад үйлчилгээнд нэг л нууц үг ашигладаг бол бүгдийг нь шинэчлэх хэрэгтэй.

#3 Давхар баталгаажуулалт хийх

Давхар баталгаажуулдаг систем бидэнд тун хялбар аргаар өөрсдийн мэдээллийг нууцлах боломж олгодог. Энэ үйлчилгээг идэвхжүүлснээр таны утсанд мессеж эсвэл дуудлага ирж, нэвтрэхээс өмнө баталгаажуулах код өгнө.

Yahoo хэрэглэгчид Account Security хэсгээс “Two-step verification” гэсэн сонголтыг идэвхжүүлж, утасны дугаараа оруулаад мессеж эсвэл дуудлагаар баталгаажуулах эсэхээ сонгоно.

#4 Хамгийн сүүлийнх нь YAHOO ашиглахаа болих

Хакерууд аль 2013 онд таны мэдээллийг хулгайлсан. Тиймээс хамгийн энгийн, хялбар арга нь Yahoo ашиглахаа болих юм. Gmail, Outlook гэх мэт өөр олон цахим шуудангийн үйлчилгээ бий. Flickr-ийн оронд 500px-ийг ч ашиглаж болно.