Ш.Энхийн-Од NBA-ийн Utah Jazz багаас бэлтгэл хийх урилга авлаа


Д.Даваажав | YOLO.MN
2023-05-01

Шаравжамцын Энхийн-Од АНУ-ын сагсан бөмбөгийн мэргэжлийн лигт тоглохоор драфт буюу сонгон шалгаруулалтад нэрээ өгсөн талаар мэдээлж байсан. Тэгвэл нэг алхам урагшилж NBA-ийн Utah Jazz багаас бэлтгэл хийх урилга авчээ. Энэ нь анх удаа монгол хүн нэрээ NBA-д дэвшүүлж буй тохиолдол болж байна.

Ийнхүү Дэйтон их сургуулийн сагсан бөмбөгийн багт тоглож байсан Ш.Энхийн-Од нь мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүлэхээр боллоо. Сонгон шалгаруулалтад орохын тулд тоглож буй багаасаа гарах шаардлагатай байдаг.

Түүний нэр NBA-ийн мэдээллийг албан ёсны эрхтэйгээр оруулдаг сайтад NBA draft хэсэгт байршсан нь:

“NBA”-ын 30 баг жилд ердөө 60 тоглогч элсүүлэх ба АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн холбоо дөрвөн дивизонтой. Ш.Энхийн-Одын тоглож байсан Дейтоны их сургууль хамгийн чансаа өндөртэй буюу нэгдүгээр дивизонд харьяалагддаг. Статистикийн хувьд коллежийн сагсан бөмбөгийн нэгдүгээр дивизоны нийт тоглогчдын ердөө 4.2 хувь нь “NBA”-ын драфтад сонгогдож чаддаг байна.  

Тэгвэл “NBA” драфтад нэрээ өгсөн тамирчдыг албан ёсоор зарласнаар тухайн тоглогчид багуудын  бэлтгэлд хамрагдаж, скаутуудад өөрийгөө харуулах боломжтой болдог. Улмаар спортын аналистууд тамирчдын потенцал болон бэлтгэл дээрх үзүүлэлтийг үндэслэн “NBA”-д сонгогдох хамгийн өндөр магадлалтай 60 тоглогчийг багтаасан “ноорог драфт”-ыг гаргадаг. “Ноорог драфт”-д нэрлэгдсэн тоглогчид сонгогдох магадлал хамгийн өндөр. Одоогоор Ш.Энхийн-Од ноорог драфтад багтаагүй.

Гэхдээ түүнд Utah Jazz багийн бэлтгэлд хамрагдаж, өөрийгөө нотлон харуулах богино хугацаа бий. 

NBA-ийн драфтад нэрээ өгсөнөөр дараах гурван давуу тал гарч байгааг ойрын эх сурвалж Г.Идэр-Ууган хэлэв.

1. NBA-ийн багийн скаутууд тухайн тоглогчийн бэлтгэл хийж байгаа газар шууд очиж уулзах боломж нээгдэнэ #TheScouting 

2. Нэрээ өгсөн бүсд бусад тоглогчидтой хамтарсан бэлтгэл, тоглолт хийх боломж үүснэ #JointWorkout 

3. NBA-ийн багуудаас бэлтгэл хийж өөрийгөө харуулахыг хүссэн урилга ирнэ #TeamWorkout 

Энэ жилийн драфт зургаадугаар сарын 22-ноос эхэлнэ. 

#Мэдээ