ФОТО: Балетаар хичээллэсэн хүүхэд хатуужилтай, цаг төлөвлөлттэй болж төлөвшдөг


YOLO.mn | YOLO.MN
2023-04-06

Монголын балетын үндэсний тав дугаар уралдааны сүүлийн шалгаруулалт өнөөдөр боллоо. Тус тэмцээнийг Монголын балетын хөгжил сангаас Соёлын яамтай хамтран улсын хэмжээнд нийт 375 оролцогчийг хамруулан зохион байгуулж байна.
 
Тэмцээний үндсэн зорилго нь олон нийтэд балетын урлагийг сурталчлах, хүүхэд залуусын оролцоог нэмэх, шилдэг өсвөр, залуу бүжигчнийг тодруулах, залуу мэргэжилтнийг дэмжих, чадвар чансааг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Тав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа уг тэмцээн нь ангиллын хувьд 9-11 нас, 12-14 нас, 15-18 нас гэсэн залуу бүжигчдийн дунд зохион байгуулагдлаа. Тэмцээнийг зохион байгуулсан анхны жилд 100 гаруй хүүхэд оролцож байсан бол энэ жил 375 хүүхэд оролцож цар хүрээгээ тэлжээ. Харин шүүгчдийн хувьд Монгол болон Япон, Орос, Солонгос улсын шүүгчид ажиллажээ. Давтамжтайгаар жил тутам зохион байгуулагдаж байгаа учраас хүүхэд залуусын идэвх оролцоо нэмэгдэж, мэдлэг чадвараа сорих боломж гэж хүлээн авдаг тухай ярьж байлаа.

“АЛИВАА ТЭМЦЭЭН НАДАД ӨРСӨЛДӨӨН ШИГ САНАГДДАГГҮЙ. ХАРИН Ч УРАМ ЗОРИГ АВДАГ”

Оролцогч Г.София:
- Би гурав дахь жилдээ уг тэмцээнд оролцож байна. Тэмцээнд оролцохын давуу тал нь өөрийн мэдлэг чадварыг мэдрэх, мөн сонгодог урлагийн мөн чанарыг илүү сайн ойлгож авдаг. Тус тэмцээнд оролцсоноор дараагийн шатанд өрсөлдөх боломж бүрдэж олон улсын тэмцээнд ч оролцож байсан. Олон улсын тэмцээнд оролцох нь их чухал. Гаднын улс оронд ямар хөгжилтэй байгааг мэдэж авна, хаа хүртэл хичээх хэрэгтэйгээ ойлгож авдаг. Гол нь энэ бүх тэмцээн огт өрсөлдөөн шиг санагддаггүй. Харин ч урам зориг авдаг.


"БҮЖИГЧИН, ЗОХИОН БАЙГУУЛАГЧ, ҮЗЭГЧ БҮГДЭЭРЭЭ ЦОГЦ ЗҮЙЛ ЮМ"

Тэгвэл цаашид балетын урлагийг хэрхэн хөгжүүлэх алсын хараатай байгаа талаар мэргэжилтнээс тодруулахад;

МБХС-ийн тэргүүн, МУГЖ, Соёлын элч Д.Алтанхуяг:
- Сонгодог урлаг өөрөө нийгмийн олон салбар урлагийг багтааж байдаг. Тайз, хөгжим, дууг багтаахын зэрэгцээ цаг үетэйгээ хөл нийлүүлэх алхаж байхыг шаарддаг. Одоо Монголын өнцөг булан бүрд л балетын сургалт, сургууль бий болж байна. Тиймээс илүү хүртээмжтэй болж байгаа соёл учраас мэргэжилтнүүдийн хувьд чиглүүлж, удирдлагаар хангаж байх шаардлагатай.  Мөн зөвхөн дотоод дахь хөгжлөөс гадна гадаадад энэ чиглэлээр ажиллах, сурч байгаа бүжигчдийг Монголд ирээд ч хөгжих боломжтой байхаар нөхцөл бүрдүүлэх нь чухал байдаг. Тэгэхээр бидний өнөөдрийн тэмцээнийг зохион байгуулж байгаа алсын хараа, зорилго бол олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Мөн үүнийгээ дагаад иргэд ч сонгодог урлагийг ирж үзэж сонирхож, анхан шатны мэдлэгтэй, гоо зүйн мэдрэмжтэй байх хэрэгтэй. Учир нь бүжигчин, зохион байгуулагч, үзэгч бүгдээрээ цогц зүйл байдаг.

Харин эцэг эхчүүдийн хувьд балетаар хичээллэсэн хүүхэд хатуужилтай, цагийн төлөвлөлттэй болж төлөвшдөг гэлээ.

"ХҮҮХЭД ДУРТАЙ ЗҮЙЛЭЭ ХИЙЖ, ҮҮРЭГ БҮРЭЭ НАРИЙН ЗОХИОН БАЙГУУЛЖ, УДИРДАЖ СУРДАГ"

Оролцогчийн ээж Г.Нарангарав:
- Миний охин балетаар хичээллээд долоон жил боллоо. Балетаар хичээллэснээр гоо зүйн мэдрэмжтэй, асуудлыг зөв зохицуулж сурж байгаа нь ажиглагддаг. Гэхдээ энэ талаарх олон нийтийн ойлголт нь бодит нөхцөл байдлаас бага зэрэг зөрүүтэй байдаг санагдсан. “Их цаг зарцуулдаг урлаг уу, хичээл номонд хойрго хандлагатай болгодог уу” гэж асуудаг. Гэтэл хүүхэд өөрөө дуртай зүйлээ хийж байгаа тохиолдолд оногдсон үүрэг даалгавар бүрээ нарийн зохион байгуулж, удирдаж сурдаг. Тиймээс миний зүгээс охиноо дэмжсээр л байна.

Харин тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс ирэх жилийн хувьд олон улсын хэмжээний тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөж байна гэлээ.

























#Урлаг