Гадаадын их дээд сургуулиудын танилцуулга #5 Rice university


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-05-07

Rice university нь АНУ-ын Техас мужид байрладаг ба анх 1912 онд байгуулж байсан хувийн сургууль ажээ. Нийт 4247 бакалаврын оюутантай бөгөөд топ сургуулиудын жагсаалтад 15-д эрэмбэлэгддэг байна.

Тухайн сургууль нь Америктаа маш өрсөлдөөнтэй сургуулиудын нэгт ордог буюу жил бүр нийт өргөдлөө илгээгчдийн 9% нь л тэнцэн ордог. 6сурагч тутамд нэг профессор оногдох ба энэ нь багш нарт сурагч бүртэйгээ тулж ажиллахад тусладаг. Мөн 50 гаруй мэргэжлээс сонгон суралцаж, 300 гаруй клубээс сонгон элсэж өөрийгөө олон талаар хөгжүүлэх боломжийг олгодог. 

Rice их сургууль нь байршлаараа алдартай. Учир нь Хьюстон хот нь улсынхаа 4 дэхь хамгийн том хот ба үзэж харах юм ихтэй, маш үзэсгэлэнтэй газар аж. NASA-ийн салбар байдаг учраас хүмүүс сансар огторгуйн хот хэмээн нэрлэх нь ч бий. 

Хэрэв та шинжлэх ухаанд сонирхолтой, цаашид энэ салбарт ажиллахыг хүсдэг бол заавал энэ сургуулийг сонирхоорой. Маш олон судалгаа, туршилт хийх боломжоор дүүрэн байгаад ч зогсохгүй мөн шинжлэх ухааны уул уурхай болсон газарт дадлага хийж, мундаг хүмүүсээс суралцах боломжтой байна гэдэг гайхалтай биш гэж үү?

Мэдээж гадаадын их сургуулиудад сурахад төлбөр маш том бэрхшээл болдог. Жилийн төлбөр нь $71,745 хэдий ч авьяас чадвартай, хичээнгүй сурагчдад 100% хүртэлх санхүүгийн тусламж олгодог. 

Үүнээс гадна Rice-ийн оюутнууд хамгийн аз жаргалтай оюутнуудын нэгээр шалгарч байсан. Бямба гараг болгонд үдэшлэг хийдгээрээ онцлогтой. Нийт сурагчдын 93% нь сургуулиа асуудалгүй төгсдөг. Мөн хамгийн гайхалтай зүйл нь Rice их сургуулийн төгсөгчид жилд дунджаар $65400 цалинтай ажилладаг байна.

Эх сурвалж: Niche.com 

 

#University