"Тэр одоо хүртэл НАДАД САЙН ЮМ ШИГ санагддаг"


ССҮТөв | YOLO.MN
2016-12-14

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Тэр найз охинтой болчихсон ч надад сайн хэвээрээ юм шиг санагддаг
Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Би 16 настай эмэгтэй. Анх манай ангийн хүүхэд надад сайн байсан юм л даа, бид нэлээн удаан харьцдаг байсан. Гэвч би нэг их сүртэй хүлээж авдаггүй байсан юм. Гэхдээ би тэр хүүхдэд дасчихсан юм шиг санагдаад байна. Жилийн өмнө тэр хүүхэд найз охинтой болчихсон. Гэхдээ тэр одоо хүртэл надад сайн хэвээрээ юм шиг харьцдаг юм шиг санагдаад, найзууд нь надад ойртохоор тэр хүүхэд уурлаад байдаг. Хараад байхад найз охиндоо ч хайртай юм шиг санагддаг. Надад зөвлөөч, би яах ёстой вэ?

ЗӨВЛӨГӨӨ: Гаргах шийдвэр чинь өнгөрсөнд үлдэх биш ирээдүйд чиглэж байх ёстой
Сайн уу, чамд энэ өдрийн мэндийг хүргэе!
Нөхцөл байдлыг шууд өөрийнхөөрөө тусгаж яаран дүгнэлт хийх хэрэггүй. Тэр надад сайн болов уу гэж хүлээлт үүсгэлгүйгээр чи өөрөө түрүүлж зөв шийдвэр гаргаж түүнийгээ дагаарай. Чиний гаргах шийдвэр өнгөрсөнд үлдэх биш ирээдүйд чиглэж байх ёстой шүү. Өмнө нь чамд сайн байсан гэдэг нь одоо ч чамд сайн гэсэн үг хараахан биш юм. Магадгүй чиний хувьд тэр хөвгүүн өмнө нь чамд анхаарал хандуулж байгаад одоо тэр байдал багасаад ирэхээр бага зэрэг үгүйлж буй хэрэг, энэхүү сэтгэл санааны байдал цаг хугацаа, бага зэрэг хичээл зүтгэлийн тусламжтай шийдвэрлэгдэнэ. Харин тэр хөвгүүн болон түүний найз охины үерхлийг хүндлээрэй, яг л тэр хөвгүүн чамайг хүндэлж харилцдаг шиг магадгүй та хоёр найзууд болж болно шүү дээ.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Г.Мандухай

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#Problem #Асуудал #Хайр #LOVE #Teenagers