“Universal Music”-ийн борлуулалт $3.1 тэрбум хүрэхэд Тэйлор Свифтийн шинэ цомог түлхэц болов


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2023-03-06

Тэйлор Свифтийн “Midnights” цомог дангаараа “Universal Music”-д 230 сая ам.долларын орлого оруулжээ.

Дэлхийн хамгийн том хөгжмийн компани болох “Universal Music”-ийн борлуулалт IV улиралд хүлээлтийг давахад Тэйлор Свифтийн цомог хамгийн ихээр нөлөөлснийг шинжээчид мэдээллээ.

Тайлант хугацаанд тус компанийн борлуулалт 17 хувиар өсөж, 3.1 тэрбум ам.доллар хүрсэн байна. 2018 онд “Universal Music” Тэйлор Свифттэй урт хугацааны гэрээ байгуулсан аж. Тус компани өнгөрсөн оны 12 дугаар сард алдарт дуучны цомог олон нийтэд хүртээл болсноос найман долоо хоногийн дараа зургаан сая ширхэг борлуулагдсаныг мэдээлжээ.

Тэйлор Свифтээс гадна IV улиралд БНСУ-ын “Seventeen” хамтлаг, рэппер Дрейк, Лил Бэйби нар борлуулалтаараа тэргүүлсэн байна.

Өнгөрсөн оны сүүлийн улиралд “Universal Music” компанийн дуу, хөгжмийн бичлэгийн орлого 30 хувиар өсөж, 530 сая евро хүрчээ. Тэр дундаа Тэйлор Свифтийн “Midnights” цомог дангаараа тус компанид 230 сая ам.долларын орлого оруулсан гэж “JPMorgan Chase”-ийн шинжээчид тооцоолжээ. Ингэснээр Тэйлор Свифт тус компанийн 2022 оны бүтэн жилийн орлогын гурван хувийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

“Midnights” цомогт багтсан дуунууд АНУ-ын “Billboard”-ийн “Top 10” жагсаалтын түүхэнд анх удаа 10 байрыг дангаараа эзэлж дээд амжилт тогтоосон юм.

#Дуу хөгжим