Хичээлийнхээ хажуугаар хийж болох 6 ажлын санаа


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-02-27

Хичээлийнхээ хажуугаар ажил хийх нь нэмэлт орлоготой болохоос гадна өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйлс сурах гайхалтай арга юм. Мөн ажиллаж, шинэ зүйлс туршиж байх хугацаандаа ирээдүйд CV-дээрээ бичих зүйл ч олж болохыг үгүйсгэхгүй шүү дээ. Тэгвэл дараах хичээлээсээ гадуур хийж болох ажлуудыг санал болгож байна. 

Онлайн дэлгүүр ажиллуулах

Одоо цагт онлайнаар худалдаа, наймаа хийх хүмүүс их болсон. Хэрхэн бараагаа захиалж, авчрах зэргээ сурчихвал энэ нь тийм ч хэцүү ажил биш. Үүнээс гадна уруул өнгөлөгч хийх, юм нэхэх, оёх эсвэл бүр нарийн боов хийх зэрэг өөрийн гараар хийсэн зүйлсээ зарах боломжтой. 

Хичээл заах

Өөрийнхөө сайн чаддаг хичээлийг заах нь мөнгө олоод ч зогсохгүй мөн өөрийнхөө сурсан зүйлийг баталгаажуулахад тусална. Мөн зөвхөн сургуульд ордог хичээлийг ч биш юм нэхэх, англиар ярих, хөгжим тоглох гээд юуг ч зааж болно. 

Хүүхэд харах

Бид ах эгчийнхээ хүүхдийг зөндөө хардаг шүү дээ. Тэгвэл хүүхэд асрах гэдэг чинь хялбархан ажил биш ба нэгэнт л цаг, хүч хөдөлмөрөө зарцуулж байгаа учир мөнгөөр үнэлэх нь тийм ч буруу зүйл биш юм. Эцэг эхүүд нь завгүй байх үед хүүхдийг нь цэцэрлэг, сургуулиас нь авах, хооллож унтуулах зэргээр асран багахан цалинтай ажиллаж болно.

Цалинтай дадлага хийх

Маш олон зүйлсийг сурч, өөрийгөө таньж мэдэх, тухайн мэргэжилд тохиромжтой эсэхийг шалгах хамгийн шилдэг арга бол дадлага хийх юм. Ихэнх том компаниуд цалинтай дадлага санал болгодог. Тиймээс өөрийнхөө сонирхож буй салбарын газруудад дадлага хийгээд үзэхийг зөвлөж байна. 

Youtube суваг хөтлөх

Хэрэв та хэзээ нэгэн цагт влог эсвэл ямар нэг бичлэг хийж үзэх бодол төрж байсан бол үүнийгээ мөнгө олох арга болгож яагаад болохгүй гэж? Мэдээж байнгын үзэлт, олон дагагчтай болохын тулд хичээл зүтгэл их орох ч боломжгүй зүйл биш шүү. 

Цагийн ажил

Энэ нь ямар ч төрлийн ажил байж болох ба кофе шоп-т бариста, CU-д худалдагч гэх мэт ажлууд нь хамгийн нийтлэг бөгөөд залууст хамгийн тохиромжтой цагийн ажлууд юм. Сайн судлаад үзвэл маш олон төрлийн цагийн ажлууд бий. 

Чамд амжилт хүсье.

Эх сурвалж: hnss.org

 

#Мэдүүштэй