“HACKATHON YOUTH 2016” уралдааны шилдгүүд тодорлоо


Үжин | YOLO.MN
2016-12-13

Монгол улсын засгийн газар ба НҮБ-ын Хүн амын сангийн хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын идэвх санаачлагатай манлайлагч залуучуудыг нэгтгэн Монгол орны ирээдүйн хөгжлийг цогцлооход мэдээллийн технологийг илүү үр дүнтэй ашиглах боломж, ирээдүйн төлөв, залуучуудын оролцоо, шинэ санаа санаачлагуудын талаар хэлэлцэж өнгөрсөн “Social Good Summit Mongolia 2016” чуулганы мөрөөр Hackathon Youth 2016 уралдаант үйл ажиллагааг Иргэний Боловсролын Төв болон Нью Медиа Групп хамтран 2016 оны 12-р сарын 10-11 ны өдрүүдэд Мэдээлэл Технологийн Үндэсний Парк-д зохион байгуулж өнгөрлөө.

Hackathon Youth уралдаан нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн Амын Сан нь залууст олон талын боловсрол олгох зорилгоор www.zaluuhun.mn цахим хуудсыг санаачлан, бүтээсний нээлт болгон цахим хуудсыг олон нийтэд таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цахим хуудастай уялдах нэмэлт апп хөгжүүлэх, цуврал инфографик бэлтгэх, баримт бичих мөн видео бүтээх зэргээр 2015 онд зохион байгуулагдаж байсан билээ.

Өмнө хэзээ ч уулзаж байгаагүй залуус хоорондоо баг бүрдүүлэн төслийн шинэ санаа, санаачлага гарган хамтран ажиллаж, бие биенийхээ үзэл бодлыг харилцан хүндэтгэж, найз нөхдийн хүрээгээ тэлж хамтдаа амжилт гаргах маш том боломжтой гэдгийг өнгөрсөн жилийн тэргүүн байранд орсон оролцогчид маань харуулсан.
 
Hackathon гэж юу вэ?
Хакатон нь тодорхой өгөгдсөн сэдвийн хүрээнд төрөл бүрийн мэргэжил, чадвартай хүмүүсээр үр дүнтэй багийг бүрдүүлэн, богино цаг хугацаанд шинэ санааг хөгжүүлж асуудлыг оновчтой, бүтээлчээр шийдвэрлэх нэг төрлийн уралдаант үйл ажиллагаа юм.
 
Хакатон нь зөвхөн технологийн чиглэлээр хийгддэггүй бөгөөд их, бага цар хүрээтэй төрөл бүрийн байгууллагууд ажилчдынхаа дунд зохион байгуулж дэвшүүлсэн асуудлаа шийдвэрлэх арга замыг олдог бөгөөд дэлхийн олон улс орнуудад эрчимтэй хөгжиж хийгдсээр байна.
 
Энгийнээр тайлбарлавал богино хугацаанд
- Үр дүнд хүрэх
- Шийдлийг олох гэж ойлгож болох юм.
 
Энэ жилийн Hackathon Youth 2016 -н онцлог нь Хариуцлагатай, Хүртээмжтэй Цахим засаглал сэдвийн дор интернет болон технологийн дэвшилд суурилсан цахим инфографик, цахим хуудас, аппликейшн бүтээх зорилготойгоор хоёр өдрийн турш салбар бүрийн 40 залуус 5 хүний бүрэлдэхүүнтэй 8 баг болон өрсөлдлөө.

Цахим засаглалаар дамжуулан иргэд төрийн үйлчилгээг саадгүй хүртэх чадамжийг нэмэгдүүлэх, цахим мэдээллийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх болон сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн амьдралд цахим сүлжээгээр дамжуулан иргэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэхүйц технологид суурилсан оновчтой шийдлийг олж хөгжүүлэн, богино хугацаанд үр дүнд хүрэх зарчмаар бүтээлч залуучуудыг дэмжиж, тэдний санаачилгыг бодит үйл хэрэг болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой тус уралдаант үйл ажиллагаа маань амжилттай зохион байгуулагдаж шилдэг хоёр төслийг байр эзлүүлэн шалгаруулсан юм.

Тус уралдааныг зохион байгуулснаар Social Good Summit Mongolia 2016” чуулганаас гарсан Зөвлөмжийг хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэн мэдээллийн технологиор дамжуулж залуучуудын санаачилга, оролцоог дэмжин, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, бүтээлч оролцоог бий болгоход бодит хувь нэмэр болсон гэж үзэж байна.

Бүтэн хоёр өдрийн турш залуус маань авьяас хүч хөдөлмөрөө сорьж олон шинэлэг санаа, санаачлагуудыг гаргаж байлаа. Тус уралдаанд маань багуудад зөвлөгөө өгөхөөр салбар бүрийн мэргэжилдээ гаршсан залуус уригдан хүрэлцэн ирсэн юм. Үүнээс дурдвал:
 










Технологийн чиглэлээр
Д. Пүрэвцоож – Themethon LLC – н үүсгэн байгуулагч, Технологийн албаны захирал

Дизайны чиглэлээр
Р. Батзориг – The New Media Group – н дизайн хариуцсан зөвлөх

Гарааны бизнесийн чиглэлээр
О. Ундрам – Ээж апп-г үүсгэн байгуулагч

Маркетинг, менежментийн чиглэлээр
Т. Төгөлдөр – Marketing Today сэтгүүлийг үүсгэн байгуулагч
н. Бөртэ-Үжин – Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн засаглалын төслийн менежер

Цахим Засаглал сэдвийн хүрээнд
Т. Есүхэй – Өөрчлөлтийн Салхи ТББ -н захирал

Уралдааны шүүлтийг хийхэд дараах дөрвөн шалгуурыг харгалзан үзэж шүүсэн юм.
·       Инноваци буюу шинэ санаачлага
·       Хэрэглэгчдэд ойлгомжтой байдал (User experience)
·       Бүтээлийн чанар ба үнэ цэнэ
·       Танилцуулга болон илтгэх чадвар

1-р байр EAZE TECH баг - Иргэдэд хууль, эрх зүйн боловсрол олгож хууль зүйн зөвлөгөө өгөх иргэдийг хуульчидтай холбох цахим хуудас болон аппликейшнд суурилсан платформ “Цахим хуульч” төслөөр.
 
2-р байр iHELP баг
- Ажил хайж байгаа ЭЗ-ийн идэвхгүй хүн амыг ЭЗ-ийн идэвхитэй хүн ам буюу ажил олгогч нартай холбож орлоготой болгох, идэвхгүй хүн амыг чадваржуулах сургалт явуулах зорилготой цахим хуудас болон аппликейшнд суурилсан платформ “iHELP” төслөөр тус тус шалгарлаа.
 

#teenagers #freetime #youth #technology