Ой тогтоолтын Дэлхийн Аварга ихэр тамирчид “The Brain” шоунд тэрбум хүний шилдгүүдтэй өрсөлдөнө


Д.Даваажав | YOLO.MN
2023-03-02

Монголын Оюун Ухааны Академийн тамирчид ой тогтоолтын спортын төрөлд Монголын нэрийг дэлхийд дархалж байгаа билээ. 
Тэгвэл энэ удаа ой тогтоолтын Олон Улсын Их Мастер, Гиннесийн рекорд эзэмшигч, Ой тогтоолтын Дэлхийн Аварга ихэр тамирчид болох Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Хятадын хамгийн их үзэгчтэй Jiangsu телевизийн "The Brain" шоу нэвтрүүлэгт оролцох урилга хүлээн авчээ. Түүнчлэн шоунд тус улсын шилдэг хоёр тамирчинтай өрсөлдөхөөр болсон байна. 

"The Brain" буюу "Super Brain" шоу нь Хятадын мастерууд улс улсын шилдгүүдтэй хүний санаанд ормооргүй тархины гайхамшгийг харуулсан даалгавруудыг гүйцэтгэж өрсөлддөг бөгөөд тэд Герман, Англи, Америк, Солонгос, Швед зэрэг олон орны шилдгүүдийг ялсан байдаг. 

Ташрамд дурдахад 2016 онд уг шоунд Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, ой тогтоолтын Олон Улсын Их Мастер Э.Энхмөнх оролцон гайхалтай ялалтыг байгуулж байсан. Мөн тухайн нэвтрүүлэг цацагдсан орой 300 сая гаруй хүн үзсэн гэсэн статистик тоо гарч байжээ.

Ийнхүү  Монголын оюун ухааны шилдгүүд дэлхийн шилдэгүүдтэй ур чадвараа сорихоор мордох гэж байна.

#Мэдээ