Physical 100: Таны бие таны бүтээл


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2023-02-16

Өмнөд Солонгосын нэвтрүүлгүүд хэзээний л шинэ содон, сонирхолтой байсаар ирсэн. Сүүлийн үед дэлхийн үзэгчдийн анхаарлыг ч ихэд татах болж. Ингээд Single’s inferno 2-ын дараахан шуугиан тарьсан шинэхэн нэвтрүүлэг болох “Physical 100”-г үзсэн сэтгэгдлээ хуваалцъя.  

НЭВТРҮҮЛГИЙН ТАНИЛЦУУЛГА 

Өөрийнхөө бие бялдар, хүч чадалд итгэл дүүрэн 100 оролцогч нэвтрүүлэгт цуглаж 300 сая вонын төлөө өрсөлдөх ширүүн тэмцлийг харуулах болно. Оролцогчдын хувьд олимпын медальт шигшээ багийн тамирчид,  усан цэрэг, мэргэжлийн тулаанч, бүжигчин, гал сөнөөгч, цагдаа зэрэг олон төрлийн өөр өөрсдийн онцлогтой оролцогчид байх аж.

БИЕ БЯЛДАР БОЛ УРАН БҮТЭЭЛ 

 “Бие бялдрыг урлаж болдог” гэсэн санааг уг Physical 100 нэвтрүүлэг маш тодоор илэрхийлж өгсөн. Нэвтрүүлэг эхлэхэд баримал урлаж буй уран бүтээлчийн дүрс гардаг шүү дээ. Мөн 100 оролцогчдын биеийг тус бүрд нь урлаж тавьсан байдаг. “Үзэгч таны бие ч гайхалтай болох боломжтой” гэдэг урам зоригийг бидэнд шоу хэлжээ.  

 САЙХАН БИЕТЭЙ ХҮН ГЭДЭГ НЬ... 

Нэвтрүүлгээс онцлох зүйлсийн нэг бол оролцогчдын зан чанар. Өөрийнхөө биед сэтгэл хангалуун байдаг хүн өөртөө итгэлтэй байдаг аж. 

Нэвтрүүлгийн багийн зүгээс ч оролцогчдын бахархал, өөртөө итгэх итгэлийг сонирхолтой байдлаар ашиглаж, бидэнд харуулж чадсан.

НАС, ХҮЙС, ХҮЧ ШУУД ХАМААРАЛТАЙ ЮУ? 

Эмэгтэй хүн, хүүхэд, хөгшин настай хүмүүс идэр насны залуучуудаас сул дорой байдаг хэмээх нийгмийн тогтсон ойлголтыг тус нэвтрүүлэг эвджээ. 

Тухайлбал Choo Sung-hoon 47 настай оролцогч. Тэрээр 2001 нэг онд Азийн жүдогийн аваргаас алтан медаль хүртэж байсан. UFC-гийн карьертаа 15 удаагийн ялалт байгуулсан хүчирхэг оролцогч. 47 настай ч 20 гаруй насны залуучууд шиг хүчирхэг, баримал шиг биетэй Choo Sung-hoon “Нас бол тоо ” гэдэг үгийг нотлов.

Hwang Bit-yeo-ul эмэгтэй оролцогчдын төлөөлөл. Урьдчилсан сорил дээр хэсгээсээ гуравт орж эмэгтэйчүүд ч эрэгтэйчүүдээс хүчирхэг байж болдгийг харуулсан. Тэрээр олон улсын CrossFit Games-д оролцдог мэргэжлийн CrossFitter билээ.  

Kim Ji-wook 18 настай оролцогч. Өмнөд Солонгосын мэргэжлийн усанд шумбагч.

UDT, AGENT H 

Single’s Inferno 2, Physical 100 нэвтрүүлгүүд дээр  UDT буюу “Underwater demolition team” дурдагдах болсон. Үзэгчдийн сонирхлыг ч татав. Physical 100 нэвтрүүлэгт онцлох оролцогчдын нэг нь UDT цэргийн албын Agent H байсан. Цэргийн хүмүүс хатуу чанга, тэвчээртэй, тайван дөлгөөн байдаг гэх бодлыг төрүүлсэн оролцогч байлаа. Түүний жинхэнэ нэрийг Hwang Ji Hoon гэдэг. Тэрээр одоогийн байдлаар UDT цэргийн албанд мэргэн буучаар ажиллаж байгаа ажээ.  

 PHYSICAL 100 НЭВТРҮҮЛГИЙГ ХЭЗЭЭ ҮЗВЭЛ ТОХИРОМЖТОЙ ВЭ? 

Хэрэв та өөртөө өөрчлөлт хийхээр шийдсэн, эсвэл өөрчлөлт хийж байгаа үедээ үзээрэй хэмээн зөвлөж байна. Тус нэвтрүүлэг танд урам зориг, эрч хүч өгөх болно. Нэг л үзээд эхэлчихвэл дараагийн ангийг үзэх хүсэл шууд төрөх болно гэдгийг амлая.

#Кино урлаг