"БИ ГАНЦААРДДАГ, бас ээж минь намайг ойлгодоггүй"


ССҮТөв | YOLO.MN
2016-12-09

"ЧАМД ДЭМЖЛЭГ ХЭРЭГТЭЙ ЮУ?" цахим санал асуулгадаа оролцоод НЭГЖЭЭ ХОЖООРОЙ!

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Ээж минь бүх зүйл дээр намайг буруутгадаг

Заримдаа ээж минь намайг үзэн ядалтийн нүдээр хардаг шиг надад санагддаг. Энэ байдлаас болж надад мөрөөдөл зорилго өөртөө итгэх итгэл гэдэг зүйл байхгүй болсон.

Би 14 настай, эмэгтэй. Би өдөр болгон гунигладаг, надад тэгж санагддаг юм. Би сургууль дээр найзуудтайгаа хамт байхдаа инээдэг мөртлөө яагаад ч сэтгэл нэг л хоосон оргиод байгаа юм шиг санагддаг. Би ер нь бол ганцаараа байх дуртай л даа. Гэхдээ ганцаардах дургүй би багаасаа ганцаараа өссөн. Багадаа хүүхдүүдтэй бараг хамт тоглодоггүй байсан, ер нь бол ганцаардаад сурчихсан гэхдээ л нэг сонин мэдрэмж төрдөг. Заримдаа галзууртлаа уйлмаар санагддаг хэн ч байхгүй газарт ганцаараа баймаар санагддаг. Энэ ганцаардал уу?

Бас ээж минь намайг ойлгодоггүй, би түүнд өнөөдөр болсон сонирхолтой зүйлээ ярих эсвэл найзынхаа талаар ярихаар ээж минь үргэлж буруугаар ойлгодог, тэгээд надад уурладаг. Тийм болохоор би ээжтэйгээ ярилцдаггүй. Ээж маань надад өдөр болгон уурладаг “Би ямар зүйл буруу хийсэн юм бол оо?” гэж боддог. Ээж өдөр болгон намайг өдөж уурыг минь хүргэдэг. Бүх зүйл дээр намайг буруутгадаг буруугүй байсан ч буруутгана бас дандаа намайг хичээлийн 1-р улиралдаа бүх хичээл дээрээ 90-ээс дээш ав гэж загнадаг. Заримдаа их уурлахараа "хүүхдүүдтэй битгий найзал, ганцаараа бай" гэдэг. Тэр надад итгэдэггүй үргэлж надад уурлана, энэ байдал нь намайг үргэлж залхаадаг надад их ядаргаатай санагддаг. Би ээжийгээ намайг ойлгоосой гэж хүсдэг. Түүнтэй ярилцахаас айдаг, би ер нь ээжээсээ айдаг. Тэр яг дарангуйлагч шиг л байдаг. Заримдаа ээж минь намайг үзэн ядалтын нүдээр хардаг шиг надад санагддаг. Энэ байдлаас болж надад мөрөөдөл зорилго өөртөө итгэх итгэл гэдэг зүйл байхгүй болсон. Би үнэхээр их ганцаардаж бас гуниглаж байна би яавал дээр вэ?


ЗӨВЛӨГӨӨ: Чи түүнд их гомдсон байгаа учраас л чамд хайргүй мэтээр дотроо ойлгож байгаа

Ээжийгээ бүү буруутга, харин түүнд шаардлагатай байгаа дэмжлэгийг үзүүл. Үүний тулд түүнийг сонсож, түүнд тавих анхаарлаа илүү нэмэгдүүлж сэтгэл санааг нь эерэг байлгах ородлого хийгээрэй.

Сайн уу, чамд энэ өдрийн мэндийг хүргэе!
Чамд сүүлийн үед төрөөд байгаа тэр мэдрэмжүүд бол чамайг хэн нэгэнд итгэж ярилцах цаг болсны дохио юм. Ганцаардал бол чи хэн нэгэнтэй өөрийн бодол, сэтгэл санааны байдлаа хуваалцаж ярилцмаар санагдах үед эргэн тойронд чинь чамайг сонсох хэн ч байхгүй тохиолдолд үүсэх мэдрэмж гэж хэлж болно. Харин чамд найзууд байна, бас ээж чинь байна. Би ганцаараа байх дуртай, багаасаа ганцаараа өссөн гэсэн бодлуудаа юун түрүүнд өөрчлөх хэрэгтэй энэ бодлууд чамайг цаашид бусадтай нээлттэй байхад саад болж байгаа бөгөөд энэ нь чи цаашид ч ганцаараа байх ёстой гэсэн үг биш юм. Бусадтай нээлттэй байна гэдэг бол зүгээр л өдөр тутамд болдог энгийн зүйлээ ярьж, хөгжилдөж инээлдэхийг хэлэхгүй юм. Чи хэн нэгэн хүнд чин сэтгэлээсээ итгэж, түүнд өөрийн сэтгэл санааны байдал, бодол, мэдрэмж, цаашдын төлөвлөгөөгөө ярьж мөн тэр хүнийг сонсож тусалж байх нь нээлттэй байдал буюу нөхөрлөл юм.

Хүн сэтгэлийг нь ямар нэгэн зүйл зовоох үед ихээр бухимдаж тэр байдлаа хамгийн ойр дотны хүндээ гаргах хандлагатай болдог. Ээжийнхээ бухимдлын шалтгаан нь чи гэдэг буруу бодлоосоо салах хэрэгтэй. Ээж нь үргэлж ийм байгаагүй болов уу, энэ байдал хэзээнээс эхэлсэн, шалтгаан нь юу байж болохыг нэг бодоод үзээрэй. Ээжийгээ бүү буруутга, харин түүнд шаардлагатай байгаа дэмжлэгийг үзүүл. Үүний тулд түүнийг сонсож, түүнд тавих анхаарлаа илүү нэмэгдүүлж сэтгэл санааг нь эерэг байлгах ородлого хийгээрэй. Сүүлийн үед чамд бий болсон ээжийгээ харах өнцгөө өөр талаас нь хараад үзээрэй, чи түүнд их гомдсон байгаа учраас л чамд хайргүй мэтээр дотроо ойлгож байгаа боловч тийм биш гэдгийг чи сайн мэдэж байгаа. Асуудлыг чиний өмнөөс хэн нэгэн шийдвэрлэхийг хүлээх бус чи өөрөө түрүүлж оролдлого хийх цаг нь болсон энэ чадвар чамайг ирээдүйд үүсэх олон асуудлаас хамгаалах болно.

 

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Г.Мандухай

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#family #parents #teenagers #problem