ҮЗЭЭД ҮЗ: Арал


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2023-01-16

“Үзээд үз” цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт “OCN”-ий бүтээл ‘ISLAND’ цувралыг онцолж байна. Адал явдалт, уран зөгнөлт кинонд дуртай уншигчид минь анхаарлаа хандуулаарай. 

“ISLAND” гэж юу вэ? 

“ISLAND” буюу “Арал” цуврал нь 2022 оны арванхоёрдугаар сарын 30-аас Солонгостоо гарч эхэлсэн, хоёр бүлэг 12 анги бүхий драма юм. Ижил нэрт вэбтүүнээс сэдэвлэсэн энэхүү цувралын гол дүрд Kim Nam Gil, Lee Da Hee, Cha Eun Woo нар тоглосон билээ. 

Яагаад үзэх ёстой вэ? 

Уг кино үзэсгэлэнт Чэжү арал дээр өрнөх учир битүүлэг явдал болон дэлхийг сүйрүүлэхийг оролдож буй муу хүчний эсрэг тэмцэх хувь тавилантай хүмүүсийн тухай хүүрнэх болно. 

Үргэлжлүүлэн уг цувралын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе. 

1. Домогт вэбтүүн дэлгэцийн бүтээл болж эргэн ирэв

“Арал” нь 1997 онд анх манхва (Солонгосын комик зохиол) хэлбэрээр хэвлэгдэн гарч байжээ. Үүнээс хойш 19 жилийн дараа буюу 2016 онд Yoon In Wan, Yang Kyun Il хоёр зохиолч уг манхваг вэбтүүн болгон дахин найруулсан байна. Харин вэбтүүн хувилбар нь “Naver” дээр хэвлэгдсэн цагаасаа олны анхаарлыг татаж жинхэнэ тэсрэлт хийжээ. 

2. Үзэгчдийн хувь

“Арал” цуврал нь “Amazon Prime Video” дээр дэлхий дахинаа 9-р байранд орсон юм. Мөн энэ жагсаалтад орсон анхны Солонгос цуврал болоод байгаа билээ. Үүгээр ч зогсохгүй Индонез, Филиппин, Тайландад үзэлтээрээ нэгт жагсаж байна.

3. Жүжигчдийн бүрэлдэхүүн солигдов

Анх цувралын эмэгтэй гол дүрд жүжигчин Seo Ye Ji сонгогдож байв. Гэвч жүжигчин бүсгүйн үерхлийн талаар цуурхал гарсны улмаас киноны продюсерын багийнхан түүний оронд жүжигчин Lee Da Hee-г сонгож байсан юм. 

4. Кино бүтсэн хугацаа, зардал

Цувралын зураг авалт 2021 оны аравдугаар сард эхэлсэн. Харин кино бүтээхэд зарцуулсан нийт зардал нь 20 тэрбум вон болсон аж. 

5. Сонирхолтой камёо дүр

Цувралын тавдугаар ангид жүжигчин Choi Tae Joon камёо дүр бүтээж Cha Eun Woo-ийн багадаа хагацсан ахын дүрээр гарч ирдэг. Тэдний сонирхолтой түүхийг киноноос үзээрэй.

6. Төстэй цуврал 

“OCN” адал явдалт, гэмт хэрэг, уран зөгнөлт, аймшгийн кинондоо гаргууд гэдгээ хэдийнээ үзэгч олондоо батлан харуулсан билээ. 

2018 онд цацагдсан OCN-ий “The guest” цувралын ерөнхий агуулга нь “Арал”-тай тун чиг төстэй. Пак Ил Дү гэх чөтгөрөөс болж амьдрал нь орвонгоороо эргэсэн гурван залуугийн ээдрээтэй түүхийн талаар 'The Guest” өгүүлдэг билээ.  Хэрэв энэ кинотой адилхан сэтгэгдэл төрүүлэх кино үзэхийг хүсвэл “Арал” цувралыг үзээд үз гэж зөвлөх байна. 

Эх сурвалж: soompi, mydramalist

#Кино урлаг