АМАЗОНС: Амьдралаас авч болох бүх мэдрэмжийг сагсан бөмбөгөөс мэдэрдэг


А. Эрхэмбаяр | YOLO.MN
2023-01-12

Үндэсний Дээд лиг энэ жилээс урьд өмнө байгаагүй өндөр шагналын сантайгаар эхэлж улирлын тоглолтуудын тал нь аль хэдийн өнгөрчээ. Үзүүштэй тоглолтууд, авьяаслаг залуу болон импорт тоглогчдын өрсөлдөөн сагсан бөмбөг сонирхогч хэн бүхнийг татаж байна.

Тэр дундаас сүүлийн 20 гаруй жил завсарлаад байсан Эмэгтэй Дээд лиг эргэн ирж шинэ боломж, шинэ уур амьсгал, шинэ өрсөлдөөнийг бид үзэж байна.

Дээд лигийг Улаанбаатар Амазонс баг нэг ч хожигдолгүй тэргүүлж байна. 17 орчим настай өсвөр үе, 20 гарсан залуус, 30 эргэм насны туршлагатай гээд гурван үеийн тамирчдаас бүрдэх багийн төлөөлөлтэй бид ярилцлаа.

Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн тамирчин, ОУХМ, 23-р сургуулийн биеийн тамирын багш Д.Баянжаргал. Өдгөө 38 настай тэрээр ерөнхий боловсролын сургуульд багшлахын зэрэгцээ Дээд лигийн Улаанбаатар Амазонс багт төвийн тоглогчийн байрлалд тоглодог.

3х3 сагсан бөмбөгийн 23-аас доош насны шигшээ багийн тамирчин, Сити их сургуулийн 3-р ангийн оюутан Ц.Болорцэцэг. Өдгөө 20 настай Ц.Болорцэцэг энэ англи хэлний багш мэргэжлээр суралцдаг ба Улаанбаатар Амазонс багт довтлогчийн байрлалд тоглодог.

Сэтгүүлч: Сагсан бөмбөгийг хэзээнээс тоглож эхэлсэн бэ?

Д.Баянжаргал: Оюутан болсон цагаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж өдгөө 20 дахь жилтэйгээ золгож байна. Анх хөнгөн атлетикаар хичээллэж байсан. Арван жилдээ найзуудтайгаа сагс тоглож үзээд “Энэ ямар гоё спорт” вэ гэж бодон эргэлт буцалтгүй орсон доо. Би 2003 онд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг Биеийн тамирын багш мэргэжлээр сонгон орж н.Гантөмөр багшаар анх сагс заалгасан. Түүнээс хойш тууштай хичээллэж байна. 2007 онд төгсөөд сургуульдаа 14 жил багшилсан. Харин энэ жилээс 23-р сургуульд ажиллаж эхэлсэн. Миний амьдрал сагстай салшгүй холбогдсон учраас замналаа дуусгаад үргэлжлүүлэн дасгалжуулах байх.

Ц.Болорцэцэг: Тавдугаар ангиасаа хойш гэхээр 11 наснаасаа хойш сагсан бөмбөг тоглож эхэлсэн. ОУХМ н.Гүржав багшаар заалгаж долоодугаар ангиасаа тэмцээн уралдаануудад оролцох болсон. Төрсөн эгч маань сагсан бөмбөг тоглодог ч хувийн шалтгаанаар спортоо орхисон. Би багаасаа NBA үзэх дуртай байв. Аав, авга эгчээс эхлээд гэр бүлээрээ миний спортын бэлтгэлийг дэмждэг.

Сэтгүүлч: Энэ спортод яагаад дуртай вэ?

Д.Баянжаргал: Сагсан бөмбөг тамирчдыг нэг гэр бүл болгож нэгнийхээ төлөө сэтгэлтэй болгодог. Тиймдээ ч залуусыг хичээллээсэй гэж хүсдэг.

Ц.Болорцэцэг: Сагсан бөмбөгөөс аз жаргалыг мэдэрдэг. Шантарч, баярлах үе бий. Амьдралаас авч болох бүх мэдрэмжийг сагсан бөмбөгөөс авдаг.

Сэтгүүлч: Долоо хоног бүр тоглож байгаа энэ үед өдөр тутмын амьдрал нь хэрхэн өнгөрч байна вэ?

Д.Баянжаргал: Долоо хоногийн нэг өдөр тоглолтой, зургаа өдөр бэлтгэл хийдэг. Өглөө ажилдаа яваад ажлынхаа дундуур хоёр хүүхдийнхээ хоолыг бэлддэг. Үдээс хойш ажлаа дуусгаад бэлтгэлдээ явдаг. Бэлтгэлдээ дунджаар 3 цагийг зарцуулдаг. Ер нь бол өдөржин, өдрийн 10 цагийг нь спорт танхимд өнгөрүүлдэг дээ. Дуртай болохоор хамаг л цаг заваа зориулдаг. Үүний ард гэр бүл минь бүх талаар дэмждэг.

Ц.Болорцэцэг: Миний хувьд өглөө нь сургууль, өдөр нь гэр, үдээс хойш спорт танхимд өнждөг дөө. Бусад чөлөөт цагаар найзууд, гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөж аль болох аз жаргалтай болгодог зүйлсээ хийдэг.

Сэтгүүлч: Удаан завсарласан Дээд лиг эргэн ирж, өндөр түвшинд болж байна. Лигийн талаар бодлоо хуваалцаач?

Д.Баянжаргал: Энэ жилийн лиг маш өндөр түвшинд болж байна. "UG Arena" яг л гадаадад тэмцээнд орж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Би Улаанбаатар Амазонс багт санал ирүүлснийх нь дагуу нэгдсэн. 3х3 сагсан бөмбөгийн охидын тоглолтыг харж байсан болохоор хамт Дээд лигт хүчээ үзэхээр шийдсэн. Одоо тоглож буй Дээд лигийн тамирчид үлгэр жишээ байж чадвал олон улсын түвшинд төд удахгүй амжилт гаргах байх.

Ц.Болорцэцэг: Эмэгтэйчүүдийн дээд лиг 20 жил завсарласан гэсэн. Анх завсарлахад нь би дөнгөж төрж байжээ. Тэгэхээр маш их ач холбогдолтой тэмцээн болж байна. Цаашид үргэлжилбэл олон эмэгтэй тамирчид төрөн гарах биз.

Сэтгүүлч: Улаанбаатар Амазонс багийн амжилтын үндэс юу вэ?

Д.Баянжаргал: Манай багт гурван өөр насны залуус байгаа ч нэг баг болж чадсан. Нэг сэтгэл зүрхтэйгээр өндөр түвшинд бэлтгэл хийж байгаа нь амжилтын үндэс болж байна. Нэг хүн шиг амьсгалж чадвал баг амжилтад хүрнэ. Дасгалжуулагч, менежер, ивээн тэтгэгч, тамирчид бүгд нэг зүйлийн төлөө зоривол амжилт үзүүлнэ.

Ц.Болорцэцэг: Нэгдүгээрт бэлтгэл, хоёрдугаарт багийн ойлголцол. Бид маш хурдан хугацаанд нэгэнтэйгээ ойлголцож, эгч нь эгч шиг, дүү нь дүү шиг байж чаддаг. Багш дасгалжуулагч, менежерээс эхлээд багийн дотоод уур амьсгал маш гоё. Багийн спортоор амжилт үзүүлэхийн тулд харилцаа, багийн ажиллагаа их чухал байх.

Сэтгүүлч: Энэ сарын 7-нд лигийн хүчтэй өрсөлдөгч Эрдэнэтийн Уурхайчидтай тоглож нэмэлт цагт хожсон. Хүнд тоглолт байв уу?

Д.Баянжаргал: 1-р сарын 7-нд миний төрсөн өдрөөр бид лигийн хүчтэй өрсөлдөгч Эрдэнэтийн Уурхайчидтай тоглосон. Хүчтэй өрсөлдөгч учраас бид өөрсдөдөө хэт их хариуцлага үүрүүлсэн байх. Тоглолт дуусахаас ердөө 7 секундын өмнө хожигдож байсан баг маань тэнцүүлж цаг сунгасан. Нэмэлт цагт яалтчгүй илүүрхэж хожсон нь багийнхны маань надад өгсөн бэлэг байсан.

Ц.Болорцэцэг: Цаг сунгаад нэлээн түгшиж, сандарсан ч гэсэн багаараа хожно гэсэн итгэлтэй байсан.

Сэтгүүлч: Амазонс энэ жилийн аваргын цомыг өргөх болов уу?

Д.Баянжаргал: Хэн сайн бэлтгэл хийж, нэг баг болж чадсан нь л аварга авна. Баг болгон зорилготой. Бид ч зорилгодоо хүрэхээр хичээж байна

Ц.Болорцэцэг: Мэдээж бүгд л аваргын төлөө өрсөлдөж байна. Тиймээс аварга авахыг л хичээнэ дээ. Аварга авна гэж бодож байна.

Сэтгүүлч: Залуу/Ахмад үедээ хандаж уриалбал?

Д.Баянжаргал: Залуус сагсан бөмбөгийн спортоор хичээллэхдээ сууриа зөв тавиарай. Бэлтгэлийн өмнө сунгалтаа сайн хийж, бэртэл гэмтэлгүй, хийж байгаа зүйлдээ эзэн болоорой гэж зөвлөе өө.

Ц.Болорцэцэг: Сагсан бөмбөг тамирчдын хувьд бэртэл гэмтлээс холуур байгаасай. Сагсан бөмбөгийг байнга үзээрэй гэж уриалъя.

#Спорт