ДЭЛХИЙН ДУУЧИН БОЛСОН СИЭЛ


Сэтгүүлч Г. Оюун | YOLO.MN
2016-12-07

o    Жинхэнэ нэр: Lee Chaerin (이채린)
o    Англи нэр: Faith Lee
o    Төрсөн он сар өдөр: 1991 оны хоёрдугаар сарын 26
o    Цусны бүлэг: A
o    Өндөр: 162 cм
o    Жин: 49 кг

Ий Чэрин (Lee Chaerin) буюу Сиэл (CL) нь Өмнөд Солонгосын YG энтэртайментийн уран бүтээлч бөгөөд 1991 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр  хорвоод мэндэлжээ. Тэрээр YG-д орохоосоо өмнө Wonder Girls, 2pm гэх мэт алдартай хамтлагуудыг төрүүлсэн JYP-д дуучин болохоор бэлтгэгдэж байжээ.

ЗУРАГ ЗУРАХ ДУРТАЙ БЯЦХАН СИЭЛ

Сиэл нь Сөүл хотод нэгэн гэр бүлийн ууган хүүхэд болж мэндэлсэн бөгөөд бага насныхаа ихэнх үеийг Парис болон Цукуба хотод өнгөрүүлсэн байдаг. Түүнийг 12 настай байхад, аав нь  Цукуабагийн их сургууль багшаар ажиллах болсон тул гэр бүлээрээ Цукубад амьдрах болжээ. Харин 13 настайдаа Парис хот руу нүүж, тэндээ олон улсын сургуульд сурчээ. Тэрээр ‘The Wild Magazine’-д  энэ тухай дурсахдаа: “Би Парист олон улсын сургуульд сурч байхдаа маш их баяртай байсан. Яагаад гэвэл хүүхдүүд үндэснийхээ хэлээр биш англиар ярьдаг байсан болохоор надад олон найз нөхөдтэй болох боломж бий болсон” гэжээ.

Мөн үргэлжлүүлэн: “Миний аав маш завгүй хүн байсан, тийм учраас өдөрт хэдхэн хором л түүнтэй ярилцдаг байлаа. Гэсэн хэдий ч миний эцэг эх хоёр намайг урлагт хөтөлсөн. Тэд урлагт хайртай хүмүүс байсан учраас би урлагийн хүн болохыг хүссэн” гэжээ.



Харин түүний аав энэ тухайд: “Бид анх охиноо урлагийн хүн болно гэж шийдэхэд нь замаасаа шантрах байх гэж айж байсан. Гэвч тэр одоо Өмнөд Солонгост олон хүний бахархалыг төрүүлсэн сайн дуучин болжээ...” хэмээн ярьжээ.

Сиэл багадаа зураг зурах дуртай байсан бөгөөд хожим түүний аав хоёр охиндоо зориулж зурагт ном гаргажээ.

ТҮҮНИЙ ДУУЧИН БОЛСОН ЗАМНАЛ БОЛОН 2NE1 ХАМТЛАГ БАЙГУУЛАГДСАН НЬ

Сиэл 15 настайдаа YG энтэртайментийн шалгаруулалтанд орж 16 настайдаа BIG BANG хамтлагийн “Hot issue” мини цомогт хамтарчээ. Мөн 2007 онд буюу тэрээр 16 настай байхдаа ‘SBS-ийн Хөгжмийн Шагнал Гардуулах Ёслол”-ын тайзан дээр YG-ийн уран бүтээлчидтэй хамт гарч байжээ.

Тэрээр соло дуучин болохоор бэлтгэгдэж байсан бөгөөд захирал нь түүнд хамтлагт орох санал тавьсанаар олон нийтэд 2ne1 хамтлагийн ахлагч гэдгээрээ танигджээ.

Түүний урлагийн амьдрал нь 2ne1  хамтлагтай салшгүй холбоотой юм. Анх “21” нэрээр байгуулагдсан хэдий ч өөр дуучинтай адилхан нэртэй гэдэг шалтгаанаар 2ne1 болгон өөрчилжээ. 2ne1  гэдэг нь 21-р зууны шинэ хувьсал гэсэн утгатай бөгөөд хамтлагийн гишүүн Сиэл, Бум, Дара, Минжи нар байжээ.

Хамтлаг 2009 оны тавдугаар сарын 17-нд “Fire” дуугаа  гаргаж олон нийтэд танил болжээ. Үүний дараа тэд Mnet Азийн Хөгжмийн Шагнал Гардуулах Ёслол”-ын хамгийн хүндтэй гурван шагналын хоёрыг нь авчээ.
 



2ne1  хамтлаг карьерынхаа туршид  бүрэн хэмжээний хоёр цомог гаргасан бөгөөд 2010 онд “Toanyone” , 2014 онд “Crush” нэртэйгээр гаргасан юм. Сиэл “Crush” цомогт орсон “Crush” ‘If I were you’болон  ‘Baby I miss you’  дууны үг аяыг зохиолцсон ба өөрийн соло дуу болох ‘MTBD’ болон ‘Scream’ дууны үгийг бичжээ.


БИЕ ДААСАН УРАН БҮТЭЭЛЭЭ ЭХЛҮҮЛСЭН НЬ

Сиэл 2009 онд GDragon-ий анхны соло цомог болох  ‘Heartbreaker’-т багтсан “Leaders” дуунд хамтарч байжээ. Уг оны 8 сард 2ne1 хамтлагийн гишүүд соло үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд   Сиэл хамтлагийн гишүүн Минжигийн (Minzy) хамтаар “Please Don’t Go” дуугаа олны хүртээл болгожээ.

Сиэлийн анхны албан ёсны соло уран бүтээл нь “The baddest female” бөгөөд 2013 оны тавдугаар сарын 28-нд гаргажээ. Үүний дараагийн жил Сиэл Америкийн Нэгдсэн Улсад уран бүтээл туурвихаар болж, дуучин Жастин Бэйберийн менежер Скүтер Браун (Scooter Braun)-тай хамтарчээ.



2015 оны 11-р сарын 21-нд өөрийн соло уран бүтээл болох “Hello Bitches”-ийг цацаж, үүний дараа АНУ-д гаргах шинэ дууныхаа ажилд оржээ.  Ингээд 2016 онд “Lifted” дуугаа гаргаж, АНУ-д аялан тоглолтоо эхлүүлсэн юм. TIME сэтгүүлээс “Яагаад Сиэл Америк дахь Кпопын ирээдүй вэ?” гэсэн нэртэй түүний ололт амжилтын тухай нийтлэл гарч дэлхийн уран бүтээлч гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд буй.



2016 он түүний соло үйл ажиллагааны хувьд амжилттай байсан хэдий ч 2ne1  хамтлагийн фэнүүдийн хувьд хамгийн таагүй жил болсон юм. Учир нь 11-р сарын 25-нд YG энтэртайментаас хамтлагийг тарсан тухай мэдэгджээ.

Хамтлагийн гишүүн Паг Бум гэрээгээ сунгаагүй бөгөөд Дара болон Сиэл нар соло уран бүтээлч болохоор шийджээ.  
2ne1 хамтлаг карьераа хэтэрхий эрт өндөрлүүлсэн ч хоёр удаа дэлхийг тойрсон аялан тоглолт хийж ‘PSY’-аас гадна Billboard-д дуу нь орсон Солонгосын хоёр дахь уран бүтээлч, Европ, Америкт  удаан хугацааны турш амжилттай үйл ажиллагаа  явуулсан анхны солонгос охидын хамтлаг юм.

ТҮҮНИЙ ГЭР БҮЛ, ХАЙР ДУРЛАЛ

Сиэлийн аав болон өвөө нь Физикийн шинжлэх ухааны доктор, профессорууд юм. Түүний аав Ий Жынги профессор 2ne1 хамтлагийн ‘Can’t Nobody’ дуун дээр гардаг лего роботуудыг бүтээсэн аж. 

Сиэл  нэг дүүтэй бөгөөд  түүнийг Ий Харин (Lee Harin) гэдэг. Сиэл болон Харин нар 2015 онд ‘W Korea’ сэтгүүлийн нүүрийг чимжээ.



Сиэл өмнө нь нэг удаа үерхэж байсан бөгөөд дуучин болсноосоо хойш хэн нэгэн эрэгтэй алдартнуудтай үерхэж, болзож байгаа гэсэн цуу ярианд огт орж байгаагүй аж.



Сиэл: Маш олон хүн надаас “Чи гоо сайхны мэс засалд орсон уу?” “Хамраа янзлуулчихсан юм уу?” гэж асуудаг. Үнэндээ энтэртайментаас маань надад гоо сайхны мэс засал хийлгэх үү? гэсэн санал ч тавьж байсан. Би үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Цаашид ч хийлгэх бодол байхгүй. Би хүмүүст Сиэл гэдэг нэрээрээ танигдсан хэдий ч дотоод хүн маань зарчимч, өөрөөрөө байх дуртай “Ий Чэрин” хэвээрээ байх болно.  (Эх сурвалж: Vogue Korea)

T.O.P: ‘Миний бодлоор Сиэл, Өмнөд Солонгост төдийгүй дэлхийд нэрээ дуурсгасан маш сайн рэппэр болох болно. Түүний ирээдүй үнэхээр гэрэлтэй байна’ (Эх сурвалж: 2ne1 TV)

GDragon: ‘Тэр маш дайчин эмэгтэй. Асар их зүйлийг хийж бүтээнэ гэдэгт нь итгэлтэй байна”


Yoon Mirae:  Сиэл-ээс би өөрийнхөө залуу насны эрч хүчийг олж харж чаддаг. Миний бодлоор ямар ч охидын хамтлагийн рэппэр түүнийг гүйцэхгүй.
(Юн Мирэ бол 2000-аад  оны Өмнөд Солонгосын хип хоп урсгалын гол төлөөлөгчдийн нэг юм. (Түүнийг “Өмнөд Солонгосын рэп урсгалын хатан хаан”  гэж нэрлэдэг)

Will I am:
Би түүнээс гайхалтай авьяас олж харсан. Түүнтэй хамтран ажиллах маш сайхан байдаг.

Teddy: CL бол авъяасын цогц. Үүнтэй хэн ч маргахгүй. (Эх сурвалж: 2ne1 TV)


Park Bom: Сиэл бол гайхалтай ахлагч. Тэр хааяа маш хатуу ширүүн болж хааяа яг л хүүхэд шиг байдаг. Хамгийн гол нь тэр ямар үед хэн байхаа мэддэг. (Эх сурвалж: POP сэтгүүл)
 

Сиэлийн тухайн сонирхолтой баримтууд:
1.    Түүнийг япон фэнүүд нь “гахайн туулай” гэж хочилдог.
2.    Түүний инстаграм нь @Chaelincl бөгөөд түүнийг дуучин Рианна (badgalriri) дагадаг.
3.    CL BigBang хамтлагаас гэрлэхийг хүсдэг хүнээрээ Тэяаныг (Taeyang) нэрлэж байжээ.
4.    Сиэлийн  бодлоор Өмнөд Солонгосын хамгийн царайлаг рэппэр бол T.O.P
5.    2014 онд 2ne1 хамтлагийг Сингапурт фэн уулзалтаа хийх үеэр нь нэгэн эрэгтэй фэн түүнээс “Надтай гэрлээч?” гэж асууж байжээ.
6.    Тэр байнга ус уудаг. Учир нь цагийн хуваариасаа болж маш их ядардаг бөгөөд нүүрнийхээ арьсыг эрүүл байлгах үүднээс үргэлж ус уух шаардлагатай болдог гэнэ.
7.    Тэрээр Жиди, Жастин Бэйбер, Рита Ора, Жереми Скотт, Дипло гэх мэт алдартнуудтай найзуудын харилцаатай байдаг.
8.    JYP-д бэлтгэгдэж байх хугацаандаа Wonder Girls хамтлагийн экс гишүүн Sohee-тэй нэг өрөөнд амьдардаг байжээ.
9.    Сиэл Япон, Англи, Франц хэлээр чөлөөтэй ярьдаг.
10.     Түүний хамгийн дуртай хамтлаг нь ‘Queen’.


Дараах оддын танилцуулга мэдээллийг сонирхохыг хүсвэл зурган дээр дараарай wink
 

                          

              

                        

                

#Kpop #CL #2ne1 #Celebrity