Домогт тоглогч Пелегийн дурсгалд зориулж, Бразилд гурав хоног үндэсний гашуудал зарлалаа


С.Содбилгүүн | YOLO.MN
2022-12-30

Бразилын домогт тоглогч Пеле 82 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлж, хүнд гарз тохиосонд Ерөнхийлөгч Жаир Болсонаро гурван өдрийн үндэсний гашуудал зарлалаа.

Пеле хөлбөмбөгийн спортоор “амьсгалсан” 21 жилийн хугацаандаа нийт 1363 тоглолтод оролцож 1281 гоол, тэр дундаа шигшээ багийнхаа 92 тоглолтод 77 удаа гоол оруулж дэлхийн дээд амжилтыг тогтоосон түүхэн хүн байсан юм.

1958, 1962, 1970 онуудад хөлбөмбөгийн ДАШТ-д гурван удаа “Алтан дагина”-ыг хүртсэн цорын ганц тоглогч байсан Пеле 2000 онд FIFA-гийн “Зууны шилдэг тоглогч”-оор тодорч байжээ. Зөвхөн 1959 онд гэхэд нийт 126 гоол оруулсан бөгөөд хөлбөмбөгийн ДАШТ-ий 14 финалын тоглолтод оролцож, 12 гоол оруулж чадсан цорын ганц тоглогч байв.

Тэрбээр сүүлийн жилүүдэд бөөр, түрүү булчирхайн өвчнөөр шаналж байсан аж. 2021 оны есдүгээр сард Сан Пауло дахь Альберт Эйнштейний эмнэлэгт хавдартай хэмээн оношлогдож, мэс засал хийлгэсэн ч 2022 оны арваннэгдүгээр сарын сүүлээр дахин биеийн байдал муудсан байна. Эмнэлгээс түүнийг "Бүдүүн гэдэсний хорт хавдар нь хүндэрч, бусад эрхтний үйл ажиллагаанд нөлөөлснөөс шалтгаалж нас барсан” гэж мэдээлжээ.

Өнгөрсөн пүрэв гарагт Пелегийн охин "Таныхаа ачаар өнөөдөр бид өдий зэрэгтээ амьдарч байна. Тандаа хязгааргүй хайртай. Амар тайван нойрс доо" хэмээн нийтэлсэн юм. Пелегийн твиттер хуудаснаа "Өнөөдөр хөлбөмбөгийн хаан Пелег урам зориг, хайр хүндлэл дүүрэн сүүлийн замд нь үдлээ. Мөнхөд хайрлан, хүндлэх болно" хэмээн нийтэлжээ.

Бразилын хөлбөмбөгийн холбоо “Пеле зүгээр л нэг агуу тамирчин байгаагүй. Бэрхшээл тулгарахад айж эмээлгүй, аавдаа дэлхийн аварга болохоо амлаж, амлалтаа ч биелүүлсэн. Тэр бидэнд шинэ Бразилыг бэлэглэсэн. Түүний хийсэн зүйлсэд маш их талархаж байна. Баярлалаа, Пеле" хэмээв.

Пеле хэмээн алдаршсан Эдсон Арантес до Насименто 1958 онд 17 насандаа Шведэд болсон ДАШТ-д Бразилын шигшээг “Алтан дагина”-д хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэн, хасагдах шатанд гарааны бүрэлдэхүүнд багтаж чадсанаараа дэлхийн хэмжээний од болсон ажээ.

2000 онд Бразилийн нэгэн эрхэм "Урлагт Бетховен ба бусад гэж ангилдаг. Харин хөлбөмбөгт Пеле болон бусад гэж ангилна" хэмээн хэлж байв.

BBC Sport-оос 2020 онд явуулсан шилдэг тоглогчийн санал асуулгаар Лионель Месси, Криштиану Роналду, Диего Марадона, Йохан Кройфф нарын эхэнд Пеле шалгарч байлаа.

Эх сурвалж: BBC

#Мэдээ