"Улсынхаа шилдэг хүүхэд болсон, цаашдаа тив, дэлхийн шилдэг болохын төлөө хичээнэ"


С.Содбилгүүн | YOLO.MN
2022-12-30
Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Э.Дөлгөөнтамир

2022 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, сурлага, урлаг, уран бүтээл, спорт, байгаль хамгаалал, эх орны түүх, соёл, техник сэтгэлгээ, багийн амжилт төрлөөр 10 номинацид улсын хэмжээнд 1576 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчлан, үе тэнгийнхнээ манлайлсан 33 хүүхдэд 2022 оны "Онцлох хүүхэд" шагналыг гардууллаа.

Мөн Солонгос улсын Сөүл хотод болсон Хөгжөөн дэмжигчдийн олон улсын нээлттэй тэмцээний “Team cheer” буюу “Агаарын акорабатын хүнд үзүүлбэр”-ийн төрөлд амжилттай оролцож гуравдугаар түвшинд Тэргүүн байр эзлэн, Ази тивийн аварга болсон Говьсүмбэр аймгийн "Хар сувд" бүжгийн хамтлаг болон Энэтхэг улсын Банглор хотноо зохион байгуулсан “ФИБА U18” эмэгтэйчүүдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Мөнгөн медаль хүртсэн “U18” сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг тус тус “Оны онцлох баг”-аар шалгарчээ.

Дорноговь аймгийн Сайншанд сумын ЕБ-ын 5 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Э.Дөлгөөнтамир “Анх “Оны онцлох хүүхэд” болсон гэдгээ Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын мэргэжилтнээс сонсоод хэсэг цочролд орсон. Их мундаг хүүхдүүдтэй зэрэгцээд шалгарсан учраас үнэхээр сэтгэл дүүрэн, маш гоё байна. 

Энэ удаа Монгол Улсын шилдэг хүүхэд болсон учир үргэлжлүүлээд тив, дэлхийн шилдэг нь болохын төлөө хичээнэ. Би “Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага” төрөлд шалгарсан. Миний хувьд тив, дэлхийн чанартай олон улсын байгууллагуудад нэгдэж, үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдсан. Мөн өнгөрсөн хугацаанд гаргасан сурлагын амжилт болон ном унших дадал, чадвараар шалгарсан юм болов уу гэж бодож байна. Цаашдаа улсынхаа нэрийг дэлхийд улам илүү таниулахын төлөө зорино. Тиймээс би удахгүй  “MIT”-д орох Монгол иргэн болох ч юм билүү гэсэн бодолтой байдаг” гэж сэтгэгдлээ хуваалцлаа.

Говьсүмбэр аймгийн 5 дугаар сургуулийн 10б ангийн сурагч Б.Энхжаргал “Манай "Хар сувд" бүжгийн хамтлаг улсын болон олон улсын аварга шалгаруулах тэмцээнүүдэд идэвхтэй оролцдог.

Хамгийн сүүлд Солонгос улсын Хөгжөөн дэмжигчдийн олон улсын нээлттэй тэмцээний “Агаарын акорабатын хүнд үзүүлбэр”-ийн төрөлд Тэргүүн байр эзлэн, Ази тивийн аварга болсон.

Анх энэ чиглэлийн тэмцээнээс шагнал авахад гэр бүл минь их дэмжиж байлаа. Намайг амжилт гаргаж чадна гэдэгт итгэсэн учраас би маш их урам зоригтой болсон.

Одоо нэг болон дөрөвдүгээр сард ахин олон улсын тэмцээнүүдэд оролцохоор бэлтгэлдээ орсон байна” гэлээ.

Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж “Манай байгууллагаас “Оны онцлох хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааг 30 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. 

Шалгаруулах журмын тухайд нийт 21 аймаг, есөн дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, хэлтсүүд ЕБС-иудаас сурагчдын тодорхойлолтыг авдаг. Тэнд шалгарсан олон улс, тив, дэлхийн тэмцээнүүдэд амжилттай оролцсон сурагчдын мэдээллийг төв агентлагт дамжуулж, шагналыг гардуулах үе шаттай.

Зөвхөн улсын хэмжээнд бус нийслэл, аймаг болон дүүрэг тус бүрийн “Онцлох хүүхэд”-ийг ч шалгаруулдаг” гэв.

Мөн тэрээр эцэг, эхчүүдэд хандан “Хүүхэд гэр бүлийн орчинд л хамгийн их хөгжиж, хамгаалуулж, хайрлуулдаг. Хүүхдүүдийн өмнө чухал үүрэгтэй хүмүүс бол эцэг эх, асран хамгаалагчид юм” гэж онцлон хэллээ.

#Амжилт