Ким Кардашиан хуучин нөхөртэйгөө харилцахад хэцүү байдаг талаараа нулимс дуслуулан ярьжээ


О.Хандмаа | YOLO.MN
2022-12-29

Ким Кардашиан "Angie Martinez IRL" подкаст нэвтрүүлгийн хөтлөгч Энжи Мартинезтай ярилцах үеэрээ Канье Уэсттэй хамт эцэг эхийн үүргээ биелүүлэх нь ямар хэцүү байдаг талаараа нулимс дуслуулан ярьжээ.

Тэрбээр хүүхдүүдээ хамгаалж, тэднийгээ аль болох энгийн, тайван амьдруулахыг хүсдэг тухайгаа ам нээсэн байна.

Ким Кардашиан Канье Уэст нар 9 настай Норт, 6 настай Сайнт, 4 настай Чикаго, 3 настай Псалм гэх  дөрвөн хүүхдийн эцэг, эх билээ.

Тэдний салалт олны анхаарлыг татсан юм. Ким Кардашиан яриандаа хүүхдүүдийнхээ аавд аль болох муу нэр зүүхгүй, гутаан доромжлохгүй байхыг хичээж буй тухайгаа хэлжээ. Тэрбээр “Аавыг нь доромжилж, элдвээр яриагүйд хүүхдүүд маань ирээдүйд надад талархах болно” гэжээ.

Ким Кардашиан бусдын өмнө хүчирхэг, зоригтой байдлаа хадгалахыг хичээдэг ч хөшигний цаана байдал ямар хүнд байдаг талаар ч хэлсэн аж.

"Би Канье Уэстийг маш олон зүйл дээр өмгөөлж, хамгаалсаар өдийг хүрсэн. Хүүхдүүдийнхээ төлөө цаашид ч ийм байх болно. Тэд маань гадаад ертөнцөд юу болж байгааг мэдэхгүй байгаа” гэжээ.

Ким Кардашианыг арав орчим настай байхад нь аав, ээж хоёр нь салж байв. Тэрбээр аавтайгаа харилцаа холбоотой байхын ач холбогдлын талаар ярихдаа хоолой нь зангирч, нулимс унагажээ.

Тэрбээр “Надад гайхалтай дурсамж, сайн туршлага бий. Үүнийг л хүүхдүүддээ хүсэж байна. Тэднийг аливааг ойлгох насанд хүртэл нь дотроо хадгалан, нулимсаа тэвчиж амьдрах болно.

Юу ч болж байсан би нүүрэндээ инээмсэглэл тодруулж, хуучин нөхрийнхөө дуунуудыг хүүхдүүдтэйгээ хамт сонсох болно. Бүх юм зүгээр юм шиг царайлж, хүүхдүүдийнхээ сэтгэлийг амраачхаад өөрөө чимээгүйхэн уйлж ч чадна. Бүх зүйлийг умартан хүүхдүүдээ хамгаалах болно” гэжээ.

Эх сурвалж: Today

#Оддын тухай