Өвлийн амралтаараа хийж болох 10 зүйл


Сондор | YOLO.MN
2022-12-16

Өвлийн амралт эхэллээ. Амралтын хугацааг өөрийгөө хөгжүүлэх, бусдаас илүү болоход дайчлах цаг гэж үзэж болох ч амарч, зугаалж хөгжилтэйгөөр өнгөрүүлэхээ бас мартаж болохгүй. Амралтын хугацаа урт юм шиг сонсогдож байгаа хэр нь харвасан сум шиг хурдан өнгөрчихдөг шүү дээ. Тиймд YOLO.mn өвлийн амралтаараа хийх зүйлсээ амралт эхлэхээс өмнө төлөвлөхөд чинь туслахаар хийж болох арван зүйлийн санааг хүргэж байна.

Кино марафон

Нэг эсвэл хоёр өдрийг зөвхөн кино үзэж ганцаараа, эсвэл найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ өнгөрөөх нь өвлийн амралтаараа мартагдашгүй дурсамж бүтээх аргуудын нэг. Марафоноо эхлэхээс өмнө үзэхийг хүсэж байгаа, үзэж амжихгүй байсан кино, цувралуудынхаа жагсаалтыг гаргаад нэг дор сууж хэдэн өдрийн хугацаанд үзэж дуусгаад, эсвэл өвөл дуусахаас өмнө үзэж дуусгана гэсэн зорилгыг тавьж болно.

Шүүгээний мухарт байж л байдаг өрөөсөн оймсноосоо салах цаг

Шүүгээ, өрөөндөө байгаа хэрэггүй, хэрэглэхээ больсон зүйлсээсээ салж, илүү цэгцтэй, амар тайван амьдралын хэв маягтай болох цаг ч байж болох юм. Хичээл орж байхад иймэрхүү зүйлс хийх зав олдох нь ховор учир өвлийн амралтынхаа хугацааг ашиглаж хийж амжуулж болно. Хэрэггүй гэж үзсэн зүйлээ нөхцөл байдлаас нь хамааруулаад хандивлаж, зарж, хаяж, эсвэл өөр зүйл болгож ашиглаарай. Жишээ нь өмсдөггүй юбканийхаа материалаар өмсөж болохуйц футболк хийх гэх мэт. Шүүгээндээ байгаа зүйлээ хэрэггүй гэж шийдэхдээ авч үзэх хамгийн энгийн арга нь:

Ихдээ 1 жил огт хэрэглээгүй, ер нь хэрэглэдэггүй, өмсдөггүй бол энэ зүйл өөрт чинь хэрэгтэй эсвэл өөр ямар нэг шалтгаанаар баяр баясал авч ирж буй эсэхийг харгалзаарай. 

Ажил хийх

                                           

Хандивын болон өөр ямар нэгэн ажилхийх, сайн дураар ажиллах нь өвлийн амралтаа өнгөрөөх, өөрийгөө хөгжүүлэх аргуудын нэг бөгөөд хөгжилтэй ч байх болно. Найзуудтайгаа нэг газар хагас цагийн, эсвэл бүтэн цагийн ажил хийж, эсвэл хандивын болон сайн дурын ажилд оролцох нь цагийг үр бүтээмжтэй өнгөрөөх арга юм.

Өөрөө кино хийж гол дүрд нь тоглоод үзвэл ямар вэ?

Гэр бүлийн гишүүд, найзуудтайгаа хамтран гэртээ богино хэмжээний кино, эсвэл жижиг концерт хийж цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй. Мөн дараа нь үзэж болох биет дурсамжтай ч болж болно.

Цана чаргаар гулгах

Цас орохоор цаанаасаа л агаар цэвэршээд, салхи татуулаад гулгамаар санагддаг даа. Өвөл дуусахаас өмнө амжиж чана, чаргааг гулгаарай. 

Дуулах, бүжиглэх

Сурахыг хүсэж байсан бүжиг, эсвэл дуугаа сурч, эсвэл өмнө нь дуулж, бүжиглэдэггүй байсан бол шинэ зүйл туршиж үзээрэй. Шинэ авьяасаа нээж илрүүлэх ч юм билүү.

Зурах, ном унших, гар урлал хийх

Дуулах, бүжиглэх нь сонирхол татахгүй бол ном унших, зурах гэх мэт илүү тайван, оюун ухаан, бүтээлч байдалд чиглэсэн зүйлс хийж болно.

Өөрийгөө сорь

                                              

Аюулгүй газраар хэдэн метр тасралтгүй гүйж чадах, хэдэн минут хоёр гар дээрээ тогтож чадах, хөөсөн чихрийг хэр хурдан идэж чадах гэх мэт зүйлсийг туршиж үзээд, дараа нь найзуудаараа туршуулж тоглох нь хөгжилтэй байна гэдэгт итгэлтэй байна.

Өөрийн болон орчин тойрны зургийг авах

Зураг, бичлэг нь дурсамжаа баримтжуулах хамгийн хялбар хэлбэрүүдийн нэг. Гадуур алхаж орчныхоо гоё зургуудыг авч болохоос гадна, өөрөө модель болж зургаа авахуулж ч болно. Дундаас нь өдөр тутамдаа ашиглахуйц дор хаяж нэг гайхалтай зураг гарна гэдэгт итгэлтэй байна.

Дуртай зүйлээ хийх

                                                

Эцэст нь өвлийн амралт чинь зөвхөн өөрийн чинь хугацаа тул хиймээр байгаа, эсвэл хийх хэрэгтэй гэж үзэж байгаа зүйлсээ хийгээрэй. Видео тоглоом тоглох дуртай бол тоглож, ээж аавдаа тусалмаар байгаа бол туслах нь өөр бусад цагийг өнгөрөөх аргуудаас арай илүү үр бүтээмжтэй байж хөгжилдөх арга юм шүү. Бас эдгээрийг хийснээрээ хэрэггүй зүйлст цаг хугацаагаа зарцуулж байна гэж бодож шаналалгүй тайван, тухайн агшин бүрийг мэдэрч амраарай.  

                                                      

#Зөвлөгөө