Өвөл хөлдөж хавар амилдаг мэлхий


YOLO.mn | YOLO.MN
2022-12-15

Жил бүрийн есдүгээр сард Аляскийн модны мэлхий хөлддөг гэдгийг мэдэх үү? Хөлдөөд шууд үхчихдэг болов уу? 

Үгүй ээ. Тэд хавар дахин амилдаг гэнэ.

Бид энэ удаа та бүхэнд өвөл хөлдөж хавар амилдаг сонирхолтой мэлхийн тухай хүргэж байна. 

Арктикийн цагаан үнэг, цоохор ирвэс зэрэг хасах температурт тэсвэртэй амьтад цөөнгүй бий. Харин Аляскийн модны мэлхий өвөл биеийнхээ гуравны хоёрыг хөлдөөж, хавар болохоор амилдаг онцгой чадвартай аж.

Нарны элч буурч, өдөр богиносох тусам мэлхий өвлийн хүйтэн улиралд биеэ бэлдэж эхэлнэ. Мэлхий "хүйтэн цустай" амьтан тул биеийн температур нь хүрээлэн буй орчны температурыг даган өсөж буурдаг байна. Гэвч тэд нэг өдрийн дотор л бүр мөсөн хөлдчихгүй. Оронд нь шөнөдөө аажим аажмаар хөлдөж, өдөр нь бага багаар гэссээр нэг юм уу хоёр долоо хоногийн хугацаанд бүрэн хөлддөг байна.

Өвлийн эхэн үед модны мэлхийн арьс ба булчингийн давхаргын хооронд мөсөн талстууд үүснэ. Улмаар хэвлийн хөндий нь мөстөж дотоод эрхтнүүдийг нь бүрхсэнээр хөлдөх үйл явц дуусна. Үндсэндээ организмын түвшинд зүрх нь зогсож, цус нь урсахаа больдог тул үхсэн гэж тооцож болох ч биед агуулагдах глюкозын хэмжээ нь өндөр байдаг тул эсийн доторх усны молекулуудыг холбож шингэн алдалтаас сэргийлдэг аж.

Ийм учраас модны мэлхийнүүд өвөл ургамлын байдалд орсон ч хавар цэцэг дэлгэрч модод нахиалдаг шиг дахин амилдаг. Зарим судлаачдын хийсэн судалгаагаар өөрөө хөлдсөн мэлхийг лабораторийн нөхцөлд хөлдөөсөн мэлхийтэй харьцуулахад глюкоз нь булчинд 15 дахин, зүрхний эдэд 10 дахин, элгэнд 3.3 дахин их хэмжээгээр агуулагдаж байжээ.

Мэлхий энэ байдлаар -20 хэмээс доош хүйтэнд долоон сар хүртэлх хугацааг өнгөрүүлж чадна. Эсийн дотор их хэмжээгээр агуулагдах глюкоз нь эсийн гадна талын давсны концентрацыг зохицуулж мөстөлтөөс хамгаалдаг. Глюкозын хамгийн гол үүрэг нь усыг эсийн дотор нөөцлөхөд оршдог бөгөөд ийм байдлаар биеийн нийт шингэний 65 хувийг хөлдөхөөс хамгаалж чадвал хөлдөх, гэсэх явцад биеийн хэвийн үйл ажиллагааг найдвартай хангаж чаддаг байна. 

Урин хавар ирэх цагт модны мэлхий дотроосоо гадагш гэснэ. Эхлээд нь зүрх нь цохилно. Дараа нь тархины үйл ажиллагаа нь идэвхэжнэ. Эцэст нь хөл нь хөдөлж үржилд орохоор хамгийн ойрын нуур юм уу цөөрөм рүү явдаг. Аляскийн модны мэлхий дөрвөөс зургаан жилийн настай. Жил бүр долоон сар орчим хугацааг хөлдүү байдалтай өнгөрөөдөг гэхээр амьдралынхаа туршид ердөө 20-30 сарын хугацаанд л идэвхтэй амьдардаг байх нь.

Судлаачид модны мэлхийн бие хэрхэн цусны эргэлтээ зогсоож, олон сарын дараа ямар ч гаж нөлөөгүйгээр дахин амилдаг болохыг одоо ч судалсаар байна. Энэхүү судалгаа нь амжилтад хүрвэл зүрхний шигдээс, цус харвалт зэрэг өвчнийг эмчлэх эмнэлзүйн хувьд асар үнэ цэнтэй судалгаа болох аж. 

Эх сурвалж: LA Times

#Амьтдын тухай