Wednesday Addams-аас суралцах 5 зан чанар


Б.Дариа | YOLO.MN
2022-12-07

Addams family (1991) киноны шинэчилсэн хувилбар “Wednesday”-г Netflix кино компани цацсан даруйд шуугиан тарьсаар байна. Өнгөрсөн сарын 23-нд цацагдсан цагаасаа хойш цөөхөн хэдэн хоногт Netflix-ийн “Англи хэл дээр 7 хоногт хамгийн их хүн үзсэн цуврал” амжилтыг эвдсэн ба энэ нь киног дэлхий даяар нийт 341.23 сая цаг үзсэн гэсэн үг юм. Өмнө нь уг амжилтыг "Stranger Things" цувралын 4-р улирал 286.7 сая цагийн үзэлтээр тэргүүлж байсан билээ.

Кино Wednesday Addams “Nevermore” академид суралцахаар ирж буйгаар эхлэх ба акедемид суралцаж байх хугацаандаа Wednesday өөрийн ер бусын чадвараар хотод болж буй аймшигт аллагыг таслан зогсоохоор мөшгих болно. Улмаар 25 жилийн өмнө гэр бүлдээ тохиолдож байсан ер бусын нууцыг тайлж, Nevermore-ийн нууцыг илрүүлэхээр оролддог. Найман ангид утга төгөлдөр агуулгыг гаргаж чадсан шинэхэн киног үзэхэд сүр жавхлант, итгэл төрүүлэм киноны гол баатар Wednesday-с суралцах олон чанар байсныг Yolo.mn уншигчдадаа хүргэж байна. Хэрэв хараахан үзэж амжаагүй байгаа бол багахан спойлер бийг анхааруулъя.

1.Үргэлж үнэний талд: Шударга зан чанар

Бид алхам тутамдаа худлыг үнэнээс салгах хэрэг гардаг. Гэтэл уг кинон дээр Wednesday, түүний гэр бүлийнхэн, найз нөхөд, багш нар нь ч ихэнх тохиолдолд, ялангуяа нүүрэлдэж уулзах бүрт үнэнийг илчилж байсан юм. Лавшруулсан худал хуурмаг гэж үгүй. Хэдий нөлөө бүхий дүрүүд Жерико хотын аллагын үнэнг худал хуурмагаар тахалж байсан ч Wednesday үнэнийг олж мэдэх хүсэл эрмэлзэл, шударга үнэнч зан чанараараа багны цаад талыг хуулахаар тэмцнэ. Wednesday-ийг кинонд бусдаас онцгойруулж байсан чанар бол тэр үргэлж үнэний талд зогсдог нь байсан юм. Тэр түүний найз нөхөд, гэр бүлийнхэн, өөр хэн ч байсан алуурчин бол шийтгэлийг нь хүлээлгэх нэгэн. Гэхдээ Wednesday шударга бус тоглогчидтой яг тийм байдлаар тоглодог нь сонирхолтой.

2. Өөртөө итгэхгүй бол өөр хэн ч чамд итгэхгүй: Өөртөө итгэлтэй байдал

Дэлхий дээр өөр хэн ч Wednesday Addams шиг өөртөө итгэлтэй байж чадахгүй байх. Мэддэг, чаддаг, хийчихдэг. Бас түүний тэмцэж буй нэгэн магас байна уу, алуурчин байна уу, түүнд хамаагүй. Учир нь түүнд айх зүйл үгүй. Аймар байх тусам сэтгэл татам... Бусдын юу гэх нь ч түүнд тийм ч асуудал биш. Бусдаас онцгой, этгээд бүжиглэж байгаа нь хөгжилтэй ч өөртөө итгэлтэй байдал нь түүнийг сэтгэл татам болгож байсныг магтах нь зүйтэй. Киноны гол дүрийн баатрууд итгэж болохуйц, хүчирхэг байх нь илүү сонирхолтой, үзүүштэй байдаг. Тэгвэл яг л тэр итгэж найдаж болохуйц гол баатар бол Wednesday байлаа.

3. Тууштай бөгөөд зоригтой бай

Бид аливаа асуудлыг оролдож үзээд жаахан саад гарвал л орхиж одохыг хүсдэг.  Гэтэл алхам алхамаар ойртож, ухарсан ч бууж өгөлгүй жаахан жаахнаар зорилгоруугаа тэмүүлж байгаа нэгэн өсч дэвжихээс урууддаггүй. Тэгвэл Wednesday хотод гарч буй аллагын хэргийг шийдэхийн тулд олон удаа шерифийн хараанд өртөж, захирал багшийнхаа өрөөнд дуудагдан бүр найзыгаа алдахад хүрсэн ч тэр зорилгоосоо огт няцдаггүй. Мөн асуудал гарсан ч гуньж гутралгүй дараагийн нүүдлийг бодож олсон байдаг нь гайхалтай. Бас түүний эр зоригийг бишрэснийг дурдая.  

4. Итгэл үнэмшилтэй бай

Кинонд хэд хэдэн удаа Wednesday-д “Бусад хүн чамайг юу гэж бодох нь чамд хамаагүй учраас атаархаж байна” гэж хэлдэг. Хариуд нь Wednesday “Үнэн хэрэгтээ, бага зэрэг анхаардаг” гэсэн юм. Wednesday өөрийн итгэл үнэмшлийг алдахгүй, хэний ч ятгалгад ордоггүйн дээр юу зөв, юуг буруу гэдгийг маш сайн ялгаж хардаг. Wednesday-д бусдын түүний тухай үзэл бодлоос илүү хотод гарч буй аллагын хэргийг илрүүлэх чухал байсан юм. Бас гэр бүлийн хүмүүжил, хувь хүний зан араншингийн онцлог ч үүнд хамаарна. 

5. Хайр нь дотхоо хал нь гаднаа

Wednesday хэдий хатуу чанга, сэтгэл зүрхгүй мэт аашилдаг ч үнэн хэрэгтээ түүний гэр бүл, найзууддаа гаргаж буй хандлагаас тэднийг гэх хайрыг мэдэрч болно. Жишээ нь түүний бяцхан гар туслах гэмтэх үед хэзээ ч уйлахгүй гэж өөртөө амласан Wednesday яарч сандран, уйлсаар түүнийг аврах гэж хичээдэг. Хэнд ч сэтгэлээ нээдэггүй хатуу чанга Wednesday-ийн хайрын хэл нь өөрөө тэдэнд хүйтэн хөндий хандах байж болох юм. Гэхдээ л Wednesday бол түүний хайрладаг нэгэн буруу зүйл хийсэн байвал хэн ч байсан, бүр өөрийгөө ч шийтгэж чадах нэгэн.  

Энэ мэт түүнээс суралцах зүйлс зөндөө байлаа. Харин танд энэ кино ямар санагдав? Юу сурч авав? 

#Кино урлаг