Даваа гарагт бүх сургууль, цэцэрлэг цахимаар хичээллэнэ


Г. Тэгшсүрэн | YOLO.MN
2022-11-25

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалантай зөвшилцөв.

Улмаар Цаг агаарын хүндрэлээс үүдэн гарах эрсдэлийг бууруулах, замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг зохицуулах зорилгоор авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргалаа. Уг захирамжийн хүрээнд 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр буюу ирэх даваа гарагт нийслэлийн хэмжээнд бүх шатны сургууль, цэцэрлэгийг цахимаар хичээллүүлэх захирамж гаргалаа.

Энэ шийдвэр нь зөвхөн нийслэлд хэрэгжих бөгөөд хөдөө, орон нутгийн бүх шатны боловсролын байгууллагын зайнаас хичээллэх эсэхийг тухайн орон нутгийн удирдлагууд шийдэх аж.

Олон улсад цаг уурын ноцтой өөрчлөлт гарах үед хүүхдийн аюулгүй байдлыг хамгийн чухалд тооцон, эрсдэлээс урьдчилан сэргийлдэг жишгээр болзошгүй эрсдэлээс бага насны хүүхдийг сэргийлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс  энэхүү захирамжийг гаргаж буй аж.

#Мэдээ