Films and Feelings: Алтан далдуу мод шагналт "Triangle of Sadness" киноны тэмдэглэл


О.Төгсжаргал | YOLO.MN
2022-11-08

Дотор давчдаж, сэтгэл үймэрч, үзэж буйдаа тархи оюунаар шаналах хэдий ч гайхамшигт нэгэн мэдрэмжийг хүртсээр байх авай. 

Films and Feelings цувралын энэ удаагийн дугаарт Шведийн уран бүтээлч Ruben Ostlund кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг Каннын кино наадмын “Алтан далдуу мод (Palme D’or)” шагналыг хоёр удаа хүртсэн авьяаслаг найруулагчийн “Triangle of Sadness” буюу “Гунигийн гурвалжин” киног онцолж байна. Түүний эл бүтээлийг Улаанбаатарын олон улсын кино наадмын дэлгэцнээ хаалтын үзвэр болж толилуулсан юм. Park Chan Wook найруулагчийн “Decision to Leave”, David Cronenberg найруулагчийн “Crimes of the Future” гэхчлэн шилдэг уран бүтээлчдийн дээд түвшний бүтээлүүдтэй уралдан түрүүлсэн “Гунигийн Гурвалжин”-г Улаанбаатар хотынхоо кино наадмын дэлгэцээс үзэх туйлын сайхан байлаа.

Ruben Ostlund найруулагч хүний оршихуйн мөн чанарыг олохоор уран бүтээлүүдээ туурвидаг нэгэн шиг санагддаг. “Түүний бүтээлүүд хэлбэр хийц, үйл явдлын хувьд ялгаатай байхаас өгүүлэх гэсэн гол агуулга хүмүүний оршихуйг олох их аялал байдаг. Хэлбэр хийц талаас нь ярьвал илүү дутуу шинэлэг зураг авалтын зохиомж, шийдэл гэхээс илүү уламжлалт, классик арга барил дээр тулгуурласан хөдөлгөөнгүй дүрс ихтэй, үргэлжилсэн урт план бүхий зураг авалтаар өөрийн мэдрэмжээ илэрхийлдэг уран бүтээлч” хэмээн С.Бямба найруулагч тодорхойлсон юм. Гэхдээ тэрээр энэхүү арга барилаар аливаа уран бүтээлээ төгс гүйцэтгэдэг чадварлаг нэгэн ажээ. Тийм ч учраас кино урлагийн хамгийн дээд түвшинд хүлээн зөвшөөрөгдөн “Алтан далдуу мод”-ыг хоёр ч удаа хүртэж чадсан байх. “Гунигийн гурвалжин” мөн л тэрхүү дүрслэлийн аргаар бүтсэн кино. Гэсэн хэр нь хэзээ ч үзэгчийг өөрөөсөө уйдаахгүй гээч. 

Ингээд доор өгүүлэх өөрийн сэтгэгдэлдээ гурван зүйлийг онцлон тэмдэглэе. 

Гурван бүлгээс бүрдэх эл бүтээл бараан ёжлол, сатир төрлийн кино бөгөөд эл шинж чанараа гарамгай үзүүлсэн шиг санагдав. Царайлаг, өндөр, хагас нүцгэн модель залуучуудын дүрсээр “Гунигийн гурвалжин” хөшгөө нээнэ. Энд бид гол дүрүүдийн нэг болох Карлтай танилцдаг. Карл бол Яаяа хэмээх үзэсгэлэнтэй загвар өмсөгч бүсгүйтэй үерхдэг залуу. Киноны эхний хэсгийн нэр ч эдгээр дүрүүдтэй амьдаа нэртэй. Бид энэхүү эхний хэсгээс жендэрийн тэгш байдал гэх хүнд сэдэвтэй нүүр тулах болно. Ингээд л цааш бидний нийгэмд тулгарч байдаг хүнд, тэнцвэргүй, шударга бус асуудлуудтай нэг нэгэнгүй нүүр тулж эхлэнэ дээ. 

Бараан Ёжлол 

Бараан ёжлол буюу Black Comedy. Тус бүтээлд буй өөр нэгэн гайхам шинж чанар нь харилцан яриа. Киноноо бараан ёжлолыг харилцан ярианы хүчээр улам төгөлдөржүүлсэн гэхэд хилсдэхгүй. “Оросын капиталист, Америкийн коммунист хоёр 250 саяын үнэтэй усан онгоц дээр хамтдаа” хэмээх үг кинон дунд гардаг. Ердөөсөө л энэ. Мэдээж хэрэг нийгмийн ялгарал, туйлын баян хүмүүсийн зугаа цэнгэл, дундаж анги, ажилчин цагаачид гээд л нийгмийн бүх л давхаргынхан “Гунигийн гурвалжин”-д дүрслэгджээ. Ер нь энэ гурван давхаргаас “Гунигийн гурвалжин” гэх нэр  үүдэлтэй байх.  

Дүрийн шийдлүүд 

Тус кинонд гарч буй хоорондоо адилгүй дүрүүд тун сонирхолтой. Баас зарж баяжсан Орос баян эр болон түүнтэй хамт явах нууц амраг болон эхнэр нь. Маш элгэмсэг, эелдэг хайр халамж ярьсан хөгшин хос хоёр. Гэхдээ тэднийг энэхүү “Баячуудын аялал”-д авчирсан мөнгө “гар тэсрэх бөмбөгний” үйлдвэрлэлээс улбаатай нь хоржоонтой хэрэг. 

Бас пастаг зөвхөн зургаа даруулах гэж захиалах загвар өмсөгч бүсгүй. Мотороор ажилдаг усан онгоцны нарны сүүдрэвчийг дарвуул хэмээн итгэх хатагтай. 

Гунигийн гурвалжин кино бараан ёжлолоор дүүрэн дүрүүд, дүүрэн мөчүүд, дүүрэн үйл явдал, дүүрэн үг хэллэгтэй. “Бараан” учраас магад сэтгэл үймүүлсэн биз. “Бараан” учраас зарим хэсгийг нь зовж үзсэн байх. “Бараан” учраас л бид өөрсдийн бодит төрхийг ямар ч илүү дутуугүйгээр, үнэн бас худалгүйгээр тольдсон биз. 

Дутуугийн гунигт зовлон

“Гунигийн гурвалжин”-д байх өөр нэгэн гуниглал нь дутуугийн комплексын тухай. Угаалын өрөөний менежер гэх Өмнөд Ази гаралтай бүсгүй киноны төгсгөл хэсэгт арлын хааны дайтай гэнэтийн эрх мэдэлд хүрдэг. Түүний хаан суух ганц боломжит газар нь тэрхүү арал. Өөр бусад газар түүний эзэмшсэн боловсрол, төлөвшсөн байдал зэрэг нь угаалгын өрөөний менежерээс дээш гарахгүй. Энэ дүрийн амьдралд ердөө ганцхан удаа тохиосон хаан суух боломжоо ашиглан үйлдэж буй үйл нь туйлын гунигтай ажээ. Баян хүний оршин буй нь ч гунигтай, ядуу хүний оршин буй нь ч мөн адил гунигтай. Тэдний дунд буй хүмүүс нь ч гунигтай. Өнөөгийн бидний нийгэм ердөөс гунигаар дүүрэн “Гунигийн гурвалжин” ажээ. 

 

#Кино урлаг