Анна Мэй Вонг АНУ-ын мөнгөн тэмдэгт дээр хэвлэгдсэн анхны ази хүн боллоо


Сондор | YOLO.MN
2022-10-20

Холливудын эртний кино од Анна Мэй Вонг анхны гол дүрээ бүтээснээс хойш зуун жилийн дараа АНУ-ын мөнгөн тэмдэгт дээр дүр нь хэвлэгдэх анхны Ази Америк хүн болно.

Энэ нь Америкийн Эмэгтэйчүүдийн хорооноос онцолсон тав дахь эмэгтэй хүний дүртэй зоосны загвар юм. Өмнө нь яруу найрагч, идэвхтэн Майя Анжелоу, сансарт ниссэн анхны америк эмэгтэй Салли Райд, Чероки үндэстний удирдагч Вилма Манкиллер болон эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгохыг дэмжигч Нина Отеро-Уоррен нарынх байв. Вонгийг оролцуулаад сүүлийн хоёр эмэгтэйг олон нийтийн санал асуулгын үр дүнд дүрийг нь хэвлэхээр болжээ.

"Эдгээр зоосны гайхалтай загварууд нь Америкийн соёлд оруулсан хувь нэмэр нь мартагдашгүй таван эмэгтэйн түүхийг өгүүлэх болно" гэж АНУ-ын Зоосны газрын захирлын үүрэг гүйцэтгэгч Алисон Дун CNN-д өгсөн ярилцлагадаа дурджээ.

Холливудын кино салбар дахь анхны Хятад Америк гаралтай од хэмээгддэг Вонг түгээмэл үзэгдэл болсон ялгаварлан гадуурхалтыг даван туулж, кино, театр, радиод 40 жилийн карьераа өнгөрүүлжээ. Тэрээр Марлен Дитрих, Жоан Кроуфорд, Лоренс Оливье зэрэг алдартнуудтай хамт тоглож, Лондон, Нью-Йоркийн тайзан дээр гарч байв.

Лос Анжелес хотод төрсөн тэрээр 14 настайгаасаа жүжиглэж эхэлсэн бөгөөд гурван жилийн дараа буюу 1922 онд "The Toll of the Sea" киноны гол дүрд тоглосон. Тэрбээр олон арван кинонд тоглосон ч Холливудад арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй гүн гүнзгий нүүр тулж байв.

Анна 1920-иод онд Европ руу нүүсэн боловч дараа нь АНУ-д эргэн ирж, 1932 онд бүтээсэн адал явдалт, романтик "Шанхай экспресс" кинонд бүтээсэн Дитрих нь хамгийн алдартай дүр нь болж байв. Тэрбээр тус кинонд Хятадын иргэний дайны үеэр гурван өдөр төмөр замаар аялж, онгоцонд барьцаалагдсан, нэгдүгээр зэрэглэлийн зорчигчийн дүрд тоглосон.

Вонг амьдралынхаа туршид Ази Америкийн жүжигчдийг Холливудад төлөөлөхийг, тэдний нэр хүндийг өсгөхийг эрмэлзэж байв. Тэрбээр 56 насандаа нас барахынхаа өмнө буюу 1960 онд Холливудын алдрын гудамжинд одтой болжээ. Түүний хэв маягийн гайхалтай мэдрэмж нь загварын бэлгэ тэмдэг болоход нь нөлөөлсөн бөгөөд Вонг ихэвчлэн Хятадын уламжлалт даашинз, ганган хэв маягийг хачирхалтай өнгө аястай хослуулдаг байв. Түүний намтарчилсан киног бүтээж байгаа ба гол дүрд "Галзуу баян Азиуд" киноны од Жемма Чан тоглож байгаа аж.

Америкийн Эмэгтэйчүүдийн хорооноос 2025 он хүртэл зоосонд хэвлэгдэх таван өөр эмэгтэйг жил бүр сонгох юм. Ирэх жилийн батлагдсан загварт нисгэгч Бесси Колеман, хөгжмийн зохиолч Эдит Канакаʻоле, тэргүүн хатагтай асан Элеанор Рузвельт, сэтгүүлч, идэвхтэн Жовита Идар болон балетчин Мария Талчиеф нарыг харуулах болно.

Эх сурвалж: CNN

#Мэдээ