Өсвөр насныхан сахлаа хусах ёстой юу?


Сэтгүүлч Б. Учрал | YOLO.MN
2022-10-11

Хүний биеийн онцлогоос шалтгаалан өсвөр насанд олон өөрчлөлт гарна. Тухайлбал сахал ургах, нүүрэн дээгүүр батга гарах зэрэг танил бус өөрчлөлтүүдийг бид даван туулах ёстой болдог. Хүн бүрийн бие махбод болон амьдарч буй орчин өөр тул дээрх өөрчлөлтүүд илрэн гарах хугацаа ч өөр байх нь бий. Өнөөдөр бидний сонгож буй сэдэв бол сахлын тухай. Гэхдээ чи сахлаа хуссан ч болно. Хусахгүй байсан ч болно. Сахал хусах дүрэм гэж байхгүй. Бид зөвхөн чамд хэрэг болохуйц зөвлөгөөнүүдийг түүвэрлэн хүргэж байгаа юм шүү.

Өсвөр үеийнхэн сахлаа хусах нь энгийн үзэгдэл юм. Хэрэв сахал чинь өтгөн бас хурдан ургадаг бол хуссан нь л зүйтэй. Учир нь хөлрөх үед хөлс арьсны чинь нүх сүвээр орж бөглөдөг. Энэ нь цаашлаад батга гарах шалтгаан болдог аж. Мөн сахлаа хусахдаа эрүү тус хэсгийн арьсаа гэмтээж, бохир оруулбал шарх чинь үрэвсэх эрсдэлтэй. Ийм учраас анхнаасаа сахлаа зөв хусаж хэвших нь эрүүл амьдралын нэг дадал юм. 

Сахлаа хусахад бэлд 

Хэрэв сахал чинь чигчий хурууны хумсны толионоос урт байвал эхлээд богиносгож тайрах нь зүйтэй. Үүний дараа бүлээн усаар хэдэн минут нүүрээ угаана. Ингэснээр сахал хусах үед арьс таталдах нь багасна. 

Зөвлөмж: гуужсан арьс мөн арьсны нүх сүвийг бөглөдөг. Тийм учраас сахлаа хусахаасаа өмнө нүүрээ гуужуулж байвал сайн. 

Сахлын хөөс хэрэглэ

Сахлын хөөс хэрэглэж хэвших нь чиний бодож байгаагаас ч илүү чухал юм шүү. Гол нь сахлын хөөсийг нимгэн түрхэх хэрэгтэй. Их түрхлээ гээд сайн гэсэн үг биш. Яах вэ, Санта өвөө шиг л харагдаж болох юм. 

Зөвлөмж: хусахад хэцүү шигүү ургалттай хэсэгтээ сахлын хөөсөө түрхэж орхиод хамгийн сүүлд нь хусвал илүү хялбар байдаг. 

Үсний ургалтын чиглэлийн дагуу сахлаа хус

Сахлын үсний ургаж буй чиглэлийг мэдэх амархан. Хурууныхаа үзүүрийг гүйлгэж үзээд л мэдчихэж болно. Илүү гөлгөр мэдрэгдэж байгаа хэсэг нь үсний чинь ургаж буй чиглэл юм. Хүний үсний чиглэл нэгэн жигд биш өөр, өөр байх боломжтой гэдгийг санаарай. 

Зөвлөмж: хэрэв арьс чинь хэт эмзэг биш бол үсний ургалтын эсрэг сахлаа хусаж болно. 

Сахлын машин эсвэл сахлын хутга

Сахлыг сахлын хутга эсвэл электрон машинаар авч болно. Сахлын хутгаар урт сахлыг авах нь илүү цэвэрхэн. Машин нь богино сахлыг авах зориулалттай. Урт үс нь машины ирэнд тээглэж зуурах эрсдэлтэй. Мөн сахлын машиныг дээш, доош, тойрог гэх мэт олон хэлбэрээр ашиглаж болох бол сахлын хутгийг зөвхөн дээш эсвэл доош гэсэн чиглэлд л ашиглана. 

Зөвлөмж: арьс чинь мэдрэмтгий, батга гардаг бол электрон машин ашигласан нь илүү тохиромжтой. 

Хүйтэн усаар нүүрээ угаах

Сахлаа хусаж дууссаны дараа нүүрээ хүйтэн усаар угааж тэлсэн арьсны нүх сүвийг агшаах хэрэгтэй. Энэ нь арьсыг цочроохоос сэргийлж буй хэлбэр юм. Хэрвээ сахлаа хусах үедээ арьсаа зүсэж цус гаргасан бол нойлын цаас тастаж наахаасаа өмнө урсгал хүйтэн усаар шавших маягтай угаагаарай. Болж өгвөл шархан дээрээ тамедин түрхэж байвал элдэв бохирдлоос сэргийлнэ шүү. 

Зөвлөмж: Сахлаа хуссаны дараа бохирдлоос сэргийлж зөөлөн суурьтай цэвэрлэгчээр нүүрээ угааж хэвшвэл арьс үрэвсэхгүй. 

Арьсаа чийгшүүл

Энэ бол ихэнх хүмүүсийн орхигдуулдаг үе шат. Сахал хуссаны дараа арьс хуурайшдаг. Нүүрээ угаасны дараа эсвэл шүршүүрт орсны дараа чийгшүүлэгч түрхэж байгаарай. Арьсны цочрол, улайлтаас сэргийлэх арга бол чийгшүүлэх юм шүү. 

Зөвлөмж: Зарим чийгшүүлэгч тонер нь спиртийн агууламжтай байдаг тул сахлаа хуссаныхаа дараа шууд түрхэж болохгүй. Үгүй бол халуун лавад түлэгдэж буй мэт мэдрэмжийг авах болно. Оронд нь энгийн чийгшүүлэгч тос түрхээд үзээрэй. Тосоо түрхэхдээ гарын алган дээрээ тосоо дусаагаад хооронд нь үрж байгаад нүүрэн дээрээ нялахгүй ээ. Нүүрэн дээрээ тосоо түрхээд товших маягтай тарааж түрхэнэ. Нүүрний арьс чинь зүлгүүр биш шүү дээ. Өөрийгөө жаахан хайрла. Эцэст нь бидний бэлтгэсэн энэхүү мэдээлэл чамд бага ч атугай тус болсон гэж найдаж байна. 

Эх сурвалж: How to Shave - 6 Tips on How to Get the Perfect Shave for Men (modernteen.co)

#Зөвлөгөө