Google Pixel 7, Pixel 7 Pro ухаалаг утаснуудаа танилцуулав


Д.Түшигт-Эрдэнэ | YOLO.MN
2022-10-07

Өчигдөр Google уламжлал болсон Mady by Google арга хэмжээгээ зохион байгуулж  Pixel 7, Pixel 7 Pro ухаалаг утаснуудаа танилцууллаа. 

Тус компани нь Google хайлтын систем, YouTube, Андройд үйлдлийн систем зэрэг тун амжилттай яваа олон төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлдэг ба сүүлийн хэдэн жил ухаалаг утасны өрсөлдөөнд хүч түрэн орж ирж байгаа юм. Ялангуяа өнгөрсөн жил худалдаанд гаргасан Pixel 6 ухаалаг утас ихээхэн амжилтад хүрсэн байдаг. Тэгвэл өчигдөр танилцуулсан Pixel 7-ийн онцлох давуу талуудыг танилцуулъя.

Үзэмж

Гадна талаасаа Pixel 6 загвартай төстэй бөгөөд нүүрэн хэсэгт зөвхөн урд талын камер нь харагдана. Дэлгэцийн хэмжээний хувьд энгийн хувилбар нь 6,3 инч, Pro хувилбар нь 6,7 инч юм бөгөөд  хувилбар тус бүр гурван сонголттой худалдаанд гарна. 

Батарей

Энгийн хувилбар нь 4355mAh, Pro хувилбар нь 5000mAh батарейтай. Аль ч хувилбар нь 30 минут цэнэглэхэд 50 хувь цэнэг хураах чадалтай бөгөөд бүрэн цэнэгтэй үед энгийн хэрэглээнд ашиглахад 24 цаг цэнэгээ барьж чадах гэнэ. Түүнчлэн, Extreme Battery Saver нэртэй шинэ горимын ачаар цэнэгээ 72 цаг барих боломжтой гэжээ. 

Камер

Хувилбар тус бүрийн урд талын камер нь 10.8 мегапиксел бөгөөд 4K 30/60fps, 1080p 30/60fps форматаар бичлэг хийх чадалтай. Харин ардаа 50 мегапиксел үндсэн, 12 мегапиксел өргөн камертай, 4K 30/60fps болон 1080p 30/60/120/240fps форматаар бичлэг хийх боломжтой. Pro хувилбар нь нэмэлтээр 48 мегапиксел телефото камертай. Уг камер нь Super Res Zoom нэртэй функцтэй бөгөөд үүний ачаар чанар алдаж, бүрсийхгүйгээр 5X татах, хиймэл оюун ухаан ашиглаж 30X татах боломжтой. 

Чип

Өнгөрсөн жилийн Pixel 6 загварын амжилтад нөлөөлсөн Google-ийн нэрийн Tensor чипийн дараагийн хувилбар болох Tensor G2 чиптэй. Уг чип нь өмнөх хувилбараасаа 20 хувиар бага эрчим хүч зарцуулахаас гадна хэд, хэдэн сонирхолтой функцийг бодит болгожээ. Жишээлбэл, Face Unblur гэх функцийг ашиглаж бүрсийсэн болон хуучин зургийг сэргээх боломжтой.  

Үнэ

Энгийн хувилбар нь 599 ам.доллар, Pro хувилбар нь 899 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарсан бөгөөд хэрэглэгчдийн гарт энэ сарын сүүлээр очиж эхэлнэ.

Эх сурвалж: Google

#Технологи