Номын баяраас онцлох нь


Сондор | YOLO.MN
2022-09-19

Үндэсний номын баярыг энэ жил 32 дахь удаагаа Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж өндөрлөлөө.

Цар тахлын үед ч алгасаагүй оюуны их баярын өдрөөр хүүхэд, залуус, ахмад настнууд гээд номонд дурлагсад төв талбайд нэг дор цугладаг гэхэд хилстэхгүй. Энэ жил "Илүү их уншъя" уриатайгаар зохион байгуулж буй  "Номын баяр 2022" арга хэмжээ нь бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.  

Мөн орон нутгийн төв талбай бүр энэ жишгээр номын баярыг тэмдэглэх аж. Гурван өдөр үргэлжилсэн номын баярт номын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй аж ахуй нэгж, хувь хүмүүс оролцжээ.

Сонирхуулахад, Үндэсний номын баярын 31 дэх удаагийн арга хэмжээ өнгөрсөн тавдугаар сард  “Хүүхэд бүрд ном” уриатайгаар болж байсан билээ.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Номын баярын өдөр тэмдэглэх тухай” 158 дугаар зарлигаар жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гаригт “Номын баярын өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэж байсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатарын нэрэмжит шагнал болох олон ном уншсан, үлгэр жишээ “Шилдэг уншигч” шагнал хүртсэн сурагчдаас сэтгэгдлийг нь сонирхлоо.

“БИ 4 НАСНААСАА ХОЙШ 800 ГАРУЙ НОМ УНШААД БАЙНА"

Нийслэлийн 88-р дунд сургуулийн 9-р ангийн сурагч С.Үүрийнцолмон:

- Би 3 настайдаа бичиг үсэг сураад, 4 настайгаасаа ном уншиж эхэлсэн. Одоогоор 800 гаруй ном уншаад байна. Ном уншихаар хүн үгийн баялаг ихтэй болдог, шүлэг өгүүллэг бичиж, энэ төрлийн уралдаан тэмцээнд оролцож өөрийгөө сорих сэдэл төрүүлдэг. Би гадаад, дотоодын зохиолыг уншдаг ч Монголын зохиолуудыг илүүтэй шимтэн унших дуртай. Өдөрт ном уншихад дунджаар 2-4 цагийг зарцуулдаг. Хичээл болон ном унших хоббигоо хоёуланг нь хослуулдаг. Зөвхөн хичээлээ хийхийн тулд номоо хойш нь тавьж байсан удаа байхгүй.

“МАНАЙХ ЖИЖИГХЭН ЗУРАГТТАЙ, ТОМ НОМЫН САНТАЙ АЙЛ”

Дорноговь аймгийн Сайншанд сумын 5-р дунд сургуулийн 10-р ангийн сурагч Э.Дөлгөөнтамир:

- Номын өдөрлөг гэх мэт үйл ажиллагаанд төдийлөн оролцдоггүй, зөвхөн гэртээ, сургуулийнхаа номын санд л чөлөөт цагаа өнгөрөөдөг байсан. Шагнал авахыгаа өчигдөр мэдээд л аймгаасаа наашаа гарсан. Маш их баяртай байна. Номын баярыг би өмнө нь зурагтаар үздэг байсан бол энэ удаад шагнал аваад Нийслэлийн төв талбайд болж буй баяр дээр зочилж буйдаа сэтгэл өндөр байна.

Ирээдүйн зорилгоо тодорхойлж, өөрийгөө чухам хэн болохоо мэдэж авмаар байгаа бол өөрийн хүсэл сонирхлыг татсан номоо уншиж, чиглэлээ олоорой гэж үеийн хүүхдүүддээ уриалмаар байна. Аав ээж хоёр маань намайг 8-р ангиас хойш зурагт ном авч өгдөг байсан. Гэрийн маань номын санд 300 гаруй ном бий. Манайх жижигхэн зурагттай, том номын сантай айл. Ном уншсанаар бусдын үзэл бодлын талаар мэдэж, өөрийнхөө үзэл бодолд үнэнч болж, танилын хүрээ нэмэгдэж, сонирхолтой мэтгэлцээн, хэлэлцүүлгийг өрнүүлж болдгоороо давуу талтай.

#Мэдээ