"Би НОХОЙТОЙ БОЛМООР байгаа ч ЭЦЭГ ЭХ минь зөвшөөрөхгүй юм"


ССҮТөв | YOLO.MN
2016-11-24

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Би нохойтой болохыг маш их хүсч байна
Сайн байна уу? Би 13 настай М... байна. Миний асуудал гэвэл би шинэ нохойтой болмоор байна. Гэвч эцэг эх минь ойлгохгүй байна. Би урьд нь нохойтой байсан ч эгч минь нохойгоо аваад тусдаа гарсан. Шинэ нохой авна гэхээр уурлаж загнаад ер зөвшөөрдөггүй. Би одоо яах вэ?


ЗӨВЛӨГӨӨ: Гэртээ шинээр гишүүн авах бол өөртөө ирэх хариуцлагыг сайтар бодоорой

Чамд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны өмнө чи гэрийн тэжээвэр амьтан нь яг л гэр бүлд шинэ гишүүн орж ирж байгаатай адил гэдгийг мэдэх байх. Энэ нь тодорхой хэмжээний хариуцлагатай байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр гэртээ дахиад нэг гишүүн нэмэх нь дан ганц чиний хүслийг харгалзаж, чиний хүслээр шийдэж болох асуудал биш учир гэр бүлийн бүх гишүүдтэй сайтар зөвлөлдөж ярилцаж, тэдний ч бас санаа бодлыг хүндэтгэхээс өөр аргагүй юм. Ялангуяа яагаад хориглож байгаа шалтгааныг нь сайтар олж мэдэхийг хичээгээрэй. Хэрэв урьд нь тэжээж байсан нохойгоо санаж байвал үе үе очиж уулзаж болно шүү дээ. Ингэснээр эцэг эх нь чамайг ойлгож, магадгүй өөр шийдвэр гаргахад ч нөлөөлж болно.  Гэхдээ гэртээ шинээр гишүүн авах бол өөртөө ирэх хариуцлагыг сайтар бодоорой. Амжилт хүсье.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Г.Биндэръяа

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Pet #Parents #Problem