Бидний суралцсан түүх: Зохиолч болох зам хэр урт вэ?


Дэлгэрцэцэг | YOLO.MN
2022-08-26

Аливааг өөрийн хүсэл тэмүүллээр сурахад жинхэнэ мэдлэг үлддэг. Хэн нэгнээр заалгаж, гэрийн даалгавар хийх гэж үстэй толгойгоо зулгаалгүй өөрийн гэсэн хобби, сурах эрмэлзэлтэй байх сайхан. Ингээд Yolo.mn сайтын “Бидний суралцсан түүх” цуврал нийтлэлийн энэ удаагийн дугаарт аймшиг, адал явдал төрлөөр бичих дуртай залуу зохиолчдыг онцолж байна. 

Temu: Залуу зохиолч 

Намайг Temu  гэдэг. Уран зохиолын ном уншсан ч миний мэдрэхийг хүссэн зүйлийг надад өгч чадахгүй байсан болохоор өөрөө зохиол бичиж эхэлсэн.  Би ихэвчлэн нууцлаг, цуврал аллагагын төрлийн зохиол бичдэг. Анхны зохиол маань өсвөр насны алуурчны тухай байсан. Дунд ангийн жаахан охин байсан болохоор хүний толгойг эргүүлэм үйл явдлыг бүтээхийг хүссэн ч өөрийнхөө толгойг эргүүлчихээд байсан. /инээв/ Тийм болохоор ааваасаа туслалцаа хүссэн. Тэр үед аав “Дотор байгаа зүйлээ гаргахгүй өрөөлөөс асуугаад байх юм бол чиний бодол  биш хүний бодол болно шүү дээ” гэж хэлсэн нь надад их нөлөөлсөн. 

Wattpad гэж зохиол нийтэлж, дагагчид нь нээлттэй унших боломжтой апплейкшн бий. Нэг удаа тэнд зохиолоо оруулсан. Хүмүүс миний зохиолыг сайхнаар хүлээж авсан болохоор тэр үеэс хойш зохиолуудаа Wattpad дээр нийтэлж эхэлсэн. Бичвэрээ биччихээд уншихад надад ямар нэгэн мэдрэмж өгч байвал нийтэлдэг. Миний бичсэн зохиол надад ямар нэгэн мэдрэмж өгч чадахгүй бол өөр хүнд юу ч мэдрүүлэхгүй шүү дээ.

Хүмүүс гоё цэцэг харчхаад “Энэ ямар гоё цэцэг вэ” гэж боддог. Түүнтэй адил би аливаа нэгэн зүйлийг харж, авсан мэдрэмжээ цааш нь төсөөлдөг. Тэр мэдрэмж нь сөрөг ч бай эерэг ч бай нэг санаа төрдөг юм. Бичвэрээ бичихдээ долоо хоногийн гурван өдөр гурван цагт хувааж бичнэ. Зохиолынхоо гол дүрийг гаргахдаа өөрийгөө, өөрийнхөө авч байгаа мэдрэмжийг үгээр дүрслэн илэрхийлдэг.

Одоо ном гаргахаар ажиллаж байна. “Эмэгтэй хүүхэд байж ийм зохиол бичлээ” гэдэг шүүмж их ирдэг болохоор бага зэрэг айдас, эргэлзээн дунд байна. Нийтэд хүрсэн надад ганцхан зохиол байдаг. Тэр зохиол цацагдаад 10 гаруй хоногийн дараа нэг эгч “Хүүхдийн сэтгэхүйд нөлөөлөх зохиол бичлээ. Эмэгтэй хүн байж ийм зохиол бичиж болдог юм уу” гэж шүүмжилж байсан. Ямар ч төрлийн зохиол бичсэн хүйс хамаагүй шүү дээ. Гэтэл яагаад ч юм зарим хүмүүс “эмэгтэй” гэдэгт минь их анхаараад байдаг. Намайг “дуртай зүйлээ хийж байна, энэ ажлаасаа таашаал авч байна” гэж хүлээж авдаггүй хүмүүс л хэцүү санагддаг даа. 

Зохиол бичиж эхэлж байгаа залууст юу гэж зөвлөх вэ? 

Зохиол бичиж эхлэхээр сэтгэл шулуудсан бол битгий зогсоорой. Хүмүүсийн шүүмжийг эергээр харж дээш ахих шат болгон ашиглаарай. Өөрийнхөө сэтгэл зүйн эрүүл мэндэд анхаараарай хэмээн зөвлөмөөр байна.

Түүний зохиолуудыг ЭНД дарж сонирхоорой.

 А.Билгүүндалай: Saudio-гийн зохиолч @bilguun.takashi

Намайг Азжаргалын Билгүүндалай гэдэг. Одоо АНУ-д суралцаж байна. 

Өнгөрсөн жилийн аравдугаар сард ажлаа тарж яваад автобуснаасаа хоцорчихсон чинь “Ажил дээрээ хоночихдог юм уу” гэж бодогдсон юм. Би тэр үед зөөгч хийдэг байсан юм л даа. Гэтэл яг тэр үед “Манай хоолны газар сүнс байвал яах вэ” гэсэн бодол төрөөд “Сүнстэй өнгөрүүлсэн таван шөнө” гэдэг зохиол бичиж эхлээд нооргоо гаргасан юм. 

Ноороглосон зохиолоо найздаа уншуулсан чинь “утгагүй байна” гэсэн. Тэгээд өөрөө ахиад уншсан чинь үнэхээр л утгагүй байсан. /инээв/ Үүний дараа “Five nights at Freddy’s” тоглоомын түүхийг судлаж, тоглоомыг нь бүгдийг нь тоглож дуусгасан. Ингээд тоглоомын агуулга нь миний зохиолтой төстэй байсан болохоор энэ тоглоомын дүрүүдийг өөрийн зохиолдоо оруулчихвал гоё болох юм шиг санагдсан юм. Скотт Кавтон буюу “Five nights at Freddy’s” тоглоомын зохиогчийн мэйлийг олоод өөрийнхөө зохиолыг явуулсан. “Таны зохиолын Animatronic-уудыг зохиолдоо ашиглаж болох уу?” гэж мэйл бичсэн юм. Тэр үед надад Скотт Кавтон хариу өгнө гэж бодоогүй. Тэгтэл долоо хоногийн дараа “Чиний зохиол таалагдлаа. Animatronic-ыг хоёр бүлэгт ашиглаж болно” гэсэн мэйл ирсэн юм. Ингээд л “Five nights at Freddy’s” зохиолын аnimatronic-уудыг зохиолдоо оруулан нэрийг нь ч бага зэрэг утгачлан өөрчилж “Фреддитэй өнгөрүүлсэн таван шөнө” болгож байсан.

Зохиолоо Saudio-гийн сайт дээр юу ч бодолгүй нийтэлчихсэн. Гэтэл маргааш нь Оргилболд ах “Чиний зохиолыг маргаашаас аудио болгоно” гэж надад хэлсэн. Тэр хүн миний зохиолыг аудио болгосноос хойш зохиол бичих хүсэл төрсөн. Үүнээс  хойш би “Ах” “Анарваан” “Аниргүй хотхон” “Үхэл гэтлэгч” зэрэг зохиолууд бичсэн байна.

Миний зохиолууд нэг ертөнцөд бүх үйл явдал нь өрнөдөгөөрөө онцлог сонирхолтой. Жишээ нь “Анарваан” гэх зохиолд гардаг гол дүрийн хүүхэд “Аниргүй хотхон” дээр гол дүрийн цагдаагийн найз байдаг. “Фреддитэй өнгөрүүлсэн таван шөнө” зохиолын гол дүр Мөнхөө “Үхэл гэтлэгч” зохиол дээр ч гарна. Энэ бүх зохиолыг нэгтгэсэн нэр бол “Харанхуй ертөнц”. 

Одоогоор ажиллаж буй аудио зохиол байхгүй. Бас би зурах сонирхолтой. Тийм учраас баг бүрдүүлж “Red hero” гэх студийг байгуулан зохиолуудаа Монгол зурагт ном болгож байгаа. Нэр нь “Гажууд ертөнц”. Тун удахгүй та бүхэнд хүрэх байх гэдэгт итгэлтэй байна. (инээв)

Зохиол бичиж эхэлж байгаа залууст юу гэж зөвлөх вэ?

Зохиолоо тууштай бичээрэй. Интернет орчин бол та бүхний олон нийтэд хийж бүтээсэн зүйлээ хүргэх маш том талбар юм. Мэдээж сөрөг сэтгэгдэл угтах ч бидний ихэнх нь өөрийнхөө стрессийг тайлах гэж бусдыг стрессдүүлэх хандлагатай байдаг шүү дээ. Тийм болохоор сөрөг сэтгэгдэлийг тоох хэрэггүй шүү.

Түүний зохиолуудыг ЭНД дарж сонирхоорой. 

Б.Оргилболд: Saudio-гийн дуу хоолой, “Чойрын чөтгөр” зохиолын зохиолч @b.orgilbold.saudio

Намайг Б.Оргилболд гэдэг. Одон орон судлалын мэргэжлээр төгссөн. Төгссөнөөсөө хойш Saudio-г нээж, одоог хүртэл ажиллаж байна.

Хамгийн анхны зохиол “Чойрын чөтгөр” байсан. Ц.Дамдинсүрэнгийн “Лус савдаг чөтгөр шулмастай таарсан хүмүүсийн яриа” номоос нэг түүх уншаад сонирхолтой санагдсан болохоор дэлгэрүүлж бичсэн юм. Жил гарны хугацаанд бичсэн байх. Зарим хэсгүүд дээр би биш, цаанаасаа бичигдэж байгаа юм шиг л төсөөлөөгүй зүйлүүд биччихдэг. 

Зохиолын бичвэрийн хэлбэр чухал санагддаг юм л даа. Аймшгийн зохиол, өгүүллэг зүгээр л цочоогоод байвал утгагүй шүү дээ. Алгуур явсаар уншигчийг өөртөө татдаг зохиолууд их таалагддаг. Одоогийн байдлаар би гурван зохиолоо цацсан байна. Сүүлд “Чөтгөр л биш бол” гэх уран зөгнөлт, аймшиг төрлийн зохиол mplus-д нийтэлсэн. "Чөтгөр л биш бол" зохиол цаашид хэд хэдэн бүлэг гарах төлөвтэй байгаа. Яг үнэнийг хэлэхэд бичиж буй 13 зохиол байна. /инээв/ 

Арван жилийн сурагч байхаасаа интернэтээр мөнгө олох тухай сонирхдог байлаа. Гэхдээ хийсэн ажил маань нэг бол цалингаа өгдөггүй эсвэл бага хэмжээний мөнгө л олдог байсан. Дуртай мэргэжлээрээ сурж төгссөн ч таалагдахгүй зүйлс их байсан болохоор дахин интернэтээр мөнгө олохоор шийдсэн. Ингээд youtube дээр бичлэг хийж эхэлсэн юм. Би  аймшгийн төрлийн зүйлст дуртай, энэ төрлөөр контент хийдэг youtuber ч төдийлөн олон байгаагүй болохоор эхлэхээр шийдсэн юм. 

Youtube суваг нээхээсээ өмнө дотуур байранд хамт байдаг найзтайгаа хамтраад зохиолч Ц.Оюунбатын “Чимээгүй хот” өгүүллэгийг уншиж Facebook-т нийтэлж байсан. Тэр үед “Барилга дээр гарч ажилла” гэх зэрэг аймар сэтгэгдлүүд ирж байж билээ (инээв). 

Караокед зөөгч хийгээд цалингаараа “Sunday”-с микрофон авч байсан. Дуу хийж үзэх санаатай авсан л даа. Гэхдээ хэдэн дуу хийж үзээд орхисон доо. Ингээд Стивен Кингийн зохиолуудаар анх видео хийж байсан юм байна. Би өөрөө Стивен Кингийн зохиолуудад дуртай. Түүний зохиолууд бол аймшгийн зохиолын библи. Sаudio-г эхлээд жил гаруй хугацааны дараа хандалт сайтай болсон. Ингээд л Saudio-той өнөөдрийг хүрч байна. 

Түүний зохиолуудыг ЭНД дарж сонирхоорой.

#Ярилцлага